Монгол оюутан эх нутагтаа ирж чадалгүй амиа хорложээ

 

Монгол хүн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй, хүний нутагт эх орноо мөрөөдөн, үхэл, амьдралын зааг дээр амь тэмцэн тийчилж байхад төрийн “томчууд” тэднийг хүн чинээ авч хэлэлцэхгүй, элдвээр цоллож, вирус тээгч мэт яриад сууна. Сайд, дарга нарыг сонгууль хийх гэж улайрч, сонгогчдоо тойглож, хошуу амаа нийлүүлэн, хуруу гараа барилцаж, богино хэмжээний жүжиг тоглох зуур хилийн чанадад мянга, мянган хүн шоронд орсноос доор нөхцөл байдалд өдөр хоног аргацааж, эхнээсээ шороонд булагдаж байна. Сайд, дарга нарыг “дотооддоо халдвар алдаагүй, бид вирусийг барьж байна” гэх зэргээр попорч байх зуур, амьдралд хөл тавиад удаагүй, 21 настай залуу Польш улсад амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа.

 

ГАДААДАД БУЙ ИРГЭНИЙ АМЬ ГАДААД ХЭРГИЙН ЯАМАНД ХАМААГҮЙ ХЭРЭГ ҮҮ

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр боловсрол эзэмших зорилго өвөртлөн Польш улсын Краков хотод суралцаж байсан оюутан энэ сарын 7-8-нд шилжих шөнө амьдарч байсан оюутны байрныхаа цонхоор үсэрч нас барсан байна. Энэ талаар холбогдох яамнаас тодруулахад “Краков хотод манай улсын нэг иргэн амиа алдсан нь үнэн. Гэхдээ маргааш УОК энэ талаар хэвлэлийн хурал хийнэ. Бид мэдээлэл өгөх боломжгүй” гэж хэргийг өөрсдөөсөө “зайлуулж” байна. Польш улсад суугаа элчин сайдын яам ч мөн амаа үдүүлжээ. “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Чиглэл аваад хариу өгье” гэж хэлээд утсаа таслав. “Хэвлэлээс холбогдож байна” гэх үгийг сонсоод утсаа авахгүй, жийрхэж, “хэрэг шийдэгдээгүй байхад хэвлэлд мэдээлэл цацагдаж байна” гэж ундууцаж байгааг нь хараад сонгуулийн өмнө оноо алдахгүй гэсэн сайдынхаа зорилгыг гүйцэтгэж байна уу гэх хардлага төрсөн юм. Гадаадад буй иргэний амь нас, Гадаад харилцааны  яам, Консулын газар, тус улсад Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдад хамаагүй хэрэг үү. Хүний амь нас хэн нэгэн эрх мэдэлтний нэр хүнд, эрх ашгаас хямдхан болчихсон юм уу.

 

 

ГАДААДАД ГАЦСАН ИРГЭДЭЭС ЭХ ОРОН НЬ ЭЛЭГ БУРУУЛЖ БАЙНА

Гадаадад буй иргэд санхүүгийн хүнд байдалд орж, анхдагч хэрэгцээгээ ч хангаж чадахгүйд хүрээд жил хагас өнгөрлөө. Тэдний нөхцөл байдлыг хүний нутгийн эрх баригчид ойлгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Япон улс эх оронд нь гацсан гадаад иргэдэд гурав орчим сая төгрөгийн тэтгэмж олгосон бол Польш улс ч мөн зорилтот бүлгийн хүмүүст бага зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. 

АЖИЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ, ТЭТГЭЛГЭЭР АМЬ ЗОГООЖ БУЙ ТЭДНЭЭС АВАХ ЁСТОЙ, УЛСЫН МӨНГИЙГ НЬ ХЭН ХУМСАЛСАН БОЛОХЫГ ТОДРУУЛАХААР САНГИЙН ЯАМТАЙ ХОЛБОГДОХОД “САЙД, ДАРГА НАР ЗАВГҮЙ БАЙНА” ГЭСЭН ХАРИУЛТ АВСАН ЮМ.

Гэтэл манай улсын Засгийн газар сургалтын тэтгэлгийн мөнгийг нь ч өгөхгүй “харамлаж, хясаж” сууна. Амиа егүүтгэсэн оюутан Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг авдаг байсан ч 12 сард авах ёстой мөнгөө нэгдүгээр сард авснаас хойш тус мөнгийг олгоогүй байна. Ажил хийх боломжгүй, тэтгэлгээр амь зогоож буй тэднээс авах ёстой, улсын мөнгийг нь хэн хумсалсан болохыг тодруулахаар Сангийн яамтай холбогдоход “сайд, дарга нар завгүй байна” гэсэн хариулт авсан юм. Сонгуулийн сурталчилгаа хийж, төрийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь цацаж яваа томчуудын хэнд нь ч ардын хүү амиа алдсан нь сонин биш байгаа бололтой.

 

 

КРАКОВ ХОТОД 20 ГАРУЙ МОНГОЛ ОЮУТАН БИЙ

Польшид манай улсын 130 гаруй оюутан суралцдаг. Тэдгээрээс 20 гаруй нь хэрэг гарсан Краков хотод боловсрол эзэмшиж буй. Тус хотод буй монгол оюутнууд хоёрдугаар сараас хойш цахимаар хичээлээ хийж, оюутны байрнаасаа ч гарч чадахгүй хорионд орсон аж. Мөн арьс өнгөний үзэл, хөл хорионы улмаас ажил хийх ямар ч боломжгүй болжээ. Тэдний амьдарч буй оюутны байрны түрээсийн төлбөр монгол мөнгөөр 300 гаруй мянган төгрөг. Мэдээж орлогын эх үүсвэргүй болсон залуус түрээсийн төлбөрөө ч хоол, ундны мөнгөө ч ар гэрээсээ авдаг байна. Тэнд нэг кг мах 30 мянган төгрөгтэй дүйцэх үнэтэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өндөр өртөг тул хүмүүс талх, төмсөөр өл зогоож, өдрийг өнгөрөөх үе олон байдгийг тул улсад амьдарч буй оюутнууд хэлж байсан юм. Энэ талаар Польш улсад суралцаж буй М.Үлэмжзаяа “Би Европын холбооны санхүүжилттэй тэтгэлгээр магистрт суралцаад, хоёрдугаар сард сургуулиа төгссөн болохоор оюутны тэтгэлэг авахаа больсон. Мөн хөл хорионоос болж ажил хийх нь битгий хэл байрнаасаа ч гарч чадахгүйд хүрсэн. Дөрвөн сарын турш байрныхаа төлбөрийг төлөөгүй. Ер нь яг л шоронд байгаа юм шиг амьдарч байна. Ганцхан талхаар амиа зогоох өдөр ч бий. Дээрээс нь, гадуурхал маш их байна. Автобусанд явахаар хүмүүс муухай харна, толгой сэгсэрнэ, заримдаа бүр түлхэх ч тохиолдол бий. Ийм үед сэтгэл зүй хүчтэй байх хэрэгтэй юм билээ. Би хоёр хүүхэдтэй, нас тогтсон болохоор л тэмцээд, тэвчээд байна. Залуучууд муу зүйл бодож, амьдралаас залхахыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Өлсөж, цангах, санаж, бэлтгэрэхийн зүдгүүртэй нүүр тулсан тэднийг нааш гэх хүнлэг сэтгэлтэй эрх мэдэлтэн байхгүйгээс болж иргэд амь нас, сэтгэл зүй, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Тэдний амийг, алдсан боломжийг эрх мэдэлтэн, сайд дарга нараас нэхэх хэрэгтэй. 

Орон гэргүй хүмүүс шиг энд тэнд төрж, үхэж байна 

 

Тайван улсад сурдаг оюутан Б.Нямсүрэн:

-Би Тайван улсад сурдаг. Өчигдөр над руу Польш улсад нас барсан хүүхдийн танил ах нь тухайн залууг санхүүгийн хүнд байдалд орсон, мөн Монгол буцах боломжгүй болсон учир гэрээслэл бичээд өндрөөс үсэрсэн гэж хэлсэн. Гуравдугаар сараас хойш би нойргүйдэх, хоол идэхгүй байх зэрэг сэтгэл зүйн болон биеийн зовуурьтай байгаа. Үүнийг мэдэж байсан болохоор намайг ч мөн тийм үйлдэл хийх вий гэж сэрэмжилсэн байх. Ер нь гадаадад буй монголчууд маш хүнд байдалд байна. Тайванд 2000 орчим монгол оюутан бий. Бид буцах хүсэлт, өргөдөл нэрээ байнга өгдөг. Гэхдээ биднийг тоож байгаа эрх мэдэлтэн нэг ч алга. Саяхан энд нэг монгол оюутан төрсөн. Төрөх хугацаа нь болчихсон болохоор ямар ч арга байгаагүй. Орон гэргүй хүмүүс шиг энд тэнд төрж, үхэж байна. Хэдэн хүн нас барсны дараа биднийг авах юм бэ. 

Танил талгүй, хэл мэдэхгүй бол ажил олдохгүй 

Польш улсад сурдаг монгол оюутан А.Хүрэлбаатар: -Би Польш улсад сурдаг. Ямар ч ажил хийхгүй хоёр сар болсон. Сүүлдээ үнэхээр хэцүү байдалд ороод, ажил хайж эхэлсэн. Одоо энд эрэгтэй хүн голдуу хийдэг цэцэрлэгч хийж байна. Хэрэв танил талгүй, хэл мэдэхгүй бол ажил олдохгүй. Монгол руу явах гэж зөндөө хөөцөлдсөн. Одоо бүр цөхрөөд, хувь тавилантайгаа эвлэрч байна. Элчин сайдын яамнаас “Өргөдлөө бичээд өг, би шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ мэдээллийг чинь уламжилна. Өөрийгөө хамгаал” гэсэн л хариу өгдөг.

Эх орондоо очихын тулд баян байж, хахууль өгөх хэрэгтэй болж 

Япон улсад суралцаж буй иргэн (нэрээ нууцлахыг хүсэв): -Зургадугаар сарын 11-нд Монгол явах хүмүүсийн нэр гарсан. Гэтэл дахиад л зорилтот хүмүүстээ хүрч чадаагүй. Энд 60 гаруй жирэмсэн эмэгтэй бий. Гэтэл тэдгээрээс ердөө 10 хүн нь л явахаар болсон. Явахыг хүссэн 400 орчим оюутнаас зургаан оюутан л явах хүний тоонд багтсан. Мөн 70, 80 настай, хууч өвчтэй хүмүүс ч тэнцээгүй. Шийдвэрлэх түвшний хүмүүс ч, гүйцэтгэх шатныхан ч бидний зовлонгоор мөнгө хийж байна. Эх орондоо очихын тулд баян байж, хахууль өгөх хэрэгтэй болчихсон юм байна. Энд их, дээд сургууль гуравдугаар сард амарсан. Амраад л буцах ёстой оюутнууд гурван сарын турш энд түгжигдлээ. Нэг сарын байрны төлбөр монгол мөнгөөр хамгийн хямд нь 800 мянган төгрөг. Өртөг өндөр учир гурван сарын хугацаанд би 10 орчим сая төгрөг үрсэн. Японы засгийн газраас хандив өгч байгаа ч аяллын визээр ирсэн, буцахаар шийдээд виз сунгуулаагүй иргэдэд үйлчлэхгүй юм билээ.

О.Даваасүрэн

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах албаны сэтгүүлч