Г.Мөнгөн: Орлогынхоо 50 хувийг таг мартаад, үлдсэнээр нь амьдар

 

“Мэргэжилтний зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаарт “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” болон “Тархины блок” номын зохиогч лектор Мөнгөнтэй ярилцлаа. Тэрээр хэрхэн мөнгө хадгалах зуршлыг бий болгох, дансаа үр дүнтэй хөтлөх талаар олон сонирхолтой зөвлөгөөг хүргэлээ. 

 

Өдрийн мэнд. Бидэнд 2 дансны арга болон 6 дансны аргаа танилцуулаач. 

 

Хоёр дансны арга бол орлогоо таллан харах тухай юм. Өөрийн орлогын тал хувийг нь огт олоогүй гэж мартаад, үлдсэн хувийг нь амьдралдаа хүргэх хэрэгтэй. Хүмүүсийн мөнгө хадгалж чаддаггүй гол шалтгаан нь дансанд хийгээд түгжээгүйдээ биш, хадгаламжийн дэвтэр нээгээгүйдээ биш, гагцхүү өөрийнхөө бодлоос тэр мөнгийг авч чадахгүй байгаад юм. Хэрэв тэгж чадахгүй л бол хадгаламж нээсэн ч хамаагүй хугацаа нь дуусахаар аваад үрнэ. Ингээд харахаар хоёр дансны арга бол тэр мөнгийг бодлоосоо авч хаях тархины дасгал юм. Нэг ёсондоо хүн өөрт байгаа 100 хувийн нөөц боломжоос 50 хувийг нь л хэрэглэнэ гэсэн үг. Тэр 50 хувийн боломжийг сайн ашиглаж чадвал боломжууд өөрөө тэлж эхэлдэг. Түүний дараа 3 дансны арга руу шилжинэ. 

 

Өөрийгөө бага багаар дасгаж шат ахих зарчмаар явна гэсэн үг үү?

 

Тийм. Тэр 50 хувийг хүргэхэд зохиомол ядуурал гэдэг ойлголт үүснэ. Энэ нь шинээр хувцас авахгүй, шинэчлэхгүй, таксинд суухгүй, кофе уухгүй, байрны зардлаа багасгаж, хоолны мөнгөө танана гэсэн үг. Дээр нь хэрэглэхгүй эд зүйлсээ зарсан ч болно. Хэрвээ 2 дансны арга хэцүү санагдаж байвал өнгөрсөн хугацаанд тэр хэрээрээ санхүүгийн сахилга  батгүй амьдарч ирсэн байна гэсэн үг. 2 дахь данснаас 3 руу шилжихэд санхүүгийн асуудлууд цэгцрээд илүү системтэй болж ирдэг. 

3 дахь данс - байртай холбоотой

4 дэх данс - аялал

5 дахь данс - зугаа цэнгэл

6 дахь данс - ажлын 

Энэ бол систем. Би хүмүүст хэрхэн мөнгө олохыг бус, олсон мөнгөө яаж зөв хуваарилах  талаар зөвлөдөг. 

 

Энэ системийг өөртөө суулгахад хүнээс ямар чадварууд шаардагдах вэ?

 

Ерөөсөө чадвар шаардахгүй шүү дээ. Үүнийг бол туршиж л үзнэ. Чи үнэхээр хадгалмаар байвал дансан дахь мөнгөнийхөө тал хувийг нь ерөөсөө хэрэглэхгүй цааш хийчих. Тэгээд үлдсэнийг нь амьдралдаа хүргэх гээд үз. Магадгүй хүрэхгүй ч байж болно. Бүх юм сайн байх албагүй шүү дээ. Тэглээ гээд шантарч болохгүй. Явах тусам л улам цэгцрээд, аюулгүй систем рүүгээ ойртоно. Хүн бага багаар энэ чадварт суралцдаг. 

 

Нарийн  байх мөнгөө ухаалгаар зарцуулдаг байх хоёрын ялгаа нь яг юу юм бэ?

 

Намайг нарийн гэж хардаг уу? /инээв/

 

Харин л дээ. 

 

Нийгэмд мөнгөтэй, мөнгөө ухаалгаар зарцуулдаг гэхээр л авилгач, харамч, сэтгэлгүй гэх тогтсон хандлага байдаг. Тэгвэл одоо асууцгаая. Нэг л амьдрах тухайд. Би энэ философиор 32 нас хүртлээ амьдраад ямар ч дэвшил гаргаагүй. Тиймээс “нэг л амьдарна” гэх бодлоосоо салахаар шийдсэн. Нэг хэсэг жаахан л зовчих. Дараа нь өөр болно доо.

 

Ер нь яагаад хадгалахын тулд өлсөх ёстой гэж?

 

Хүн мөнгөтэй байж л хадгалдаг гэж ойлгох нь буруу. Миний хувьд хоёр жилийн өмнө ажлаасаа гарчихсан, цагаан сараар ээждээ ч мөнгө явуулах чадалгүй байхдаа л хадгалж эхэлсэн. Тухайн үед мөнгө олохгүй бол ядаж үрэхгүй байя гэж бодсон хэрэг л дээ. Ер нь хааяа оройн хоол идэхгүй байсан ч яадаг юм. 

 

Та уншигчдад маань багцлаад 3 зөвлөгөө өгөөч.

 

Нэгдүгээрт, орлогынхоо 50 хувийг л байгаа гэж бод. Тэгээд үүгээрээ хүргэх гэж хичээ. 

Хоёрдугаарт, Мөнгөө хадгалах гэж байгаа бол хайртай ойр дотнын хүмүүстээ битгий хэл.

Гуравдугаарт, Зүгээр л туршаад үз. Хоолыг хараад амттай эсэхийг нь мэдэхгүй шүү дээ. Бид аливаа зүйлийг бодож, төлөвлөж хийх их дуртай. Элон Маск, Марк Цукерберг эсвэл Уоррен Баффет гэх мэт амжилттай яваа хүмүүс үнэн хэрэгтээ тэгж их бодсон юм уу? Тэд туршиж үзээд, алдаа бүхнээсээ суралцаад цааш ахиад явсан хүмүүс.

 

Сүүлийн үед дансаа солонгоруулах гэдэг ойлголт гарч ирсэн. Санхүүгийн олон эх сурвалжтай байх нь илүү аюулгүй гэж яригддаг. Энэ таны 6 дансны аргатай хэрхэн холбогдох вэ?

 

Бизнес эрхэлдэг бол данстайгаа холбож болно. Жишээ нь:  Би хотод сүлжээ дэлгүүрүүдтэй байлаа гэж бодъё. Хотын төвд байдаг салбар маань ашиг их олдог. Харин хороололд байдаг нь ашиг багатай гэж бодоход  хэзээ ч дансаа хооронд нь хольж болохгүй. Хэрвээ таны бизнес солонгорч, тэлэх гэж байгаа бол тэр бизнесийн санхүүгийн эргэлтийг зөвхөн тэр салбар өөрөө шийдэх ёстой. Улсын корпорацуудын дампуурал дахь хамгийн том шалтгаан нь энэ. Нэг нь ашигтай байлаа гэж бодоход улс тэр мөнгийг төвлөрүүлж аваад, өөр нэг ашиг муутай салбар руу хийж үлгэн салган яваад байдаг. Гэтэл тус тусдаа данстай байх ёстой. 

 

Барууны орнуудтай харьцуулахад манайд хадгаламжийн хүү өндөр байдаг. Мөнгөө хадгалуулъя гэхэд илүү боломж харагдаж байна.

 

Тийм. Монголд мөнгө байхгүй учраас мөнгө татахын тулд банкнуудын хэрэгжүүлж байгаа арга нь л тэр. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном бол уналтаас босох арга зүй. Өндөр орлоготой хүмүүст энэ ном таарахгүй ч байж болно. Дараагийн номоороо санхүүгээ тэлэх тухай өөрийнхөө туршлагыг хуваалцах болно.

 

Та өөрийн туршлагаар зөвлөгөө өгч байсан сонирхолтой кэйсээ хуваалцаач? 

 

Надаас барилгын зураг төслийн компанитай ах зөвлөгөө авч байсан юм. Анх ирэхдээ ажилчдынхаа цалинг тавихдаа хувиараа мөнгө зээлж тавилаа гэж ярьж байсан. Би тэр ахыг “бизнесээ хувийн амьдралтайгаа хольчихсон юм байна”, “Үүнийг салгах хэрэгтэй” гэх мэтчилэн хоёр сар гаруй  хугацаанд зөвлөгөө өгч ажилласан. Хоёр сарын дараа “Хамт кофе ууя” гэхэд “Ах нь кофе уух боломжгүй ээ, надад одоо яг 15000 төгрөг л байна. Гэхдээ үүгээр 5 хоног хүргэх ёстой гэж хэлсэн”. Харин компанийнхаа хадгаламжид 80 сая төгрөгтэй болсон байсан. Энэ бол бодит өөрчлөлтүүдийн нэг.

 

Харин зугаа цэнгэлийн дансны талаар ярьж өгөөч?   

 

Би нэг жил орчим найз нөхөдтэйгөө уулзахгүйгээр, огт зугаа цэнгэл гэх юмгүй явсан юм. Цагаан сараар дээл ч хийлгэхгүй, базынхаа хуучин дээлийг өмсөөд баярлаж байсан. Гарч орохоо больсон чинь найз нөхөд ч үгүй болсон. Маш уйтгартай. Хэтэрхий нарийн юм шиг санагдаж эхэлсэн учраас зугаа цэнгэлийн данс үүсгэсэн. Амьдралын шаардлагаар үүссэн л данс юм даа. Бизнесменүүд дандаа зугаа цэнгэлийн данстай байдаг. Түүнийг харж байгаад л “Өө энэ чинь надад яг хэрэгтэй данс байна, орлогынхоо 5 хувийг л хийе” гэж бодсон. Энэ мэтчилэн системээ сайжруулсаар л энэ 6 дансны арга үүссэн юм даа. 

 

Ярилцсанд баярлалаа!

 

П.Мөнгөнсор

Сэтгүүлч