Ж.Соёл-Эрдэнэ : Харшил эмчлэгддэг гэхдээ эдгэрдэггүй өвчин

 

“Мэргэжилтний зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаарт Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, харшил, дархлаа судлаач, хүүхдийн эмч Ж.Соёл-Эрдэнэтэй харшлын талаар ярилцлаа.

 

Харшил гэдгийг энгийн үгээр хүмүүст тайлбарлаач?

Харшил бол хэт мэдрэг урвал юм. Энэ нь дархлаа унаснаас биш, дархлааны систем гажуудсанаас үүддэг. Харшил болон дархлаа судлаач эмч нар үүнээс сэргийлэхийн тулд жаахан “заваан” байхыг зөвлөдөг. Заваан гэдэг нь бохир байна гэсэн үг биш юм. Ерөнхийдөө байгаль эх дэлхийтэйгээ  ойрхон байж, горхины усанд орон шороотойгоо хутгалдах хэрэгтэй гэсэн санаа. Үр дүнд нь ахуйн дархлаа гээч зүйл багаас нь тогтож байж харшлаас урьдчилан сэргийлнэ.

Гэдэсний ашигтай бактери агуулсан тараг дархлааг сэргээдэг гэж үздэг. Гэтэл эмч нар цагаан идээ болон исгэлэн жимсийг харшилтай хүмүүст хориглодог. Энэ нь ямар учиртай вэ?

Ашигтай бактери агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой. Энэ асуудал миний судалгааны ажлын нэг бүлэг болж байсан. Ашигтай бактери гэдгийг манай улсад шинжилж судлахад хэцүү л байна. Үүнийг коронавирусийг шинжлээд байгаа PCR төхөөрөмжөөр л илрүүлэх боломжтой. Гэхдээ энэ тал дээр санаагаа чилээх хэрэггүй ээ. Зүгээр л өөрсдийн бүрсэн тараг ууж хэрэглэхэд болно.

Сүүлийн үед дөнгөж төрсөн нярай хүүхдэд харшлын шинж тэмдэг илрэх боллоо. Эдгээр тохиолдлууд удамшиж байна уу, эсвэл орчин нөхцөлөөс хамаарч байна уу?

Энэ нь харшлын эмч нарт тулгардаг хэцүү асуудлуудын нэг. Юунаас эхэлдэг вэ гэвэл хүүхдийг дөнгөж төрмөгц гадны хүн оруулахгүйгээр гэртээ таг түгжиж бөөцийлдөг. Гадаа гаргахгүй бүх зүйлсээс тусгаарлаж хэт цэвэр цэмцгэр орчинд хүн амьтан ойртуулахгүй байх нь буруу.Дээр дурьдсанчлан хүүхдэд багаас нь ахуйн дархлааг тогтоох хамгаас хэрэгтэй зүйл юм.

 

Ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх чухал арга юу вэ?

Нялх хүүхдэд будаа, буурцагны үртэй дэр хамаагүй дэрлүүлж болохгүй.

 

Гэрэл зургийг: Г.Гэрэлчулуун

 

Зарим хүмүүс харшлын сорил өгөлгүйгээр дур мэдэн сайн гэсэн эм тариа хэрэглэх нь их боллоо. Үүнээс үүдэн харшил нь цааш даамжирч,  сөрөг үр дагавар үүсэх боломжтой юу?

Ямар эм бэлдмэл хэрэглэх нь цэвэр хувь хүний асуудал. Эмч нарт хэн нэгний эрхэлж буй бизнесийг хааж боох эрх байхгүй. Харин сүлжээний бэлдмэлээс болгоомжлох хэрэгтэй.Эмчээс асуулгүй дур мэдэж эм тариа хэрэглэх нь маш осолтой.Ялангуяа дааврын бэлдмэлийг заавал эмчээс асууж байж хянамгай хэрэглэх ёстой.

Чонон хөрвөс гэх харшил түгээмэл тохиолдох болжээ. Эмчлэгддэггүй байнга дахидаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

Дахиж болно. Чонон хөрвөс үүсэх маш олон шалтгаан бий. Тиймээс заавал эмчид үзүүлж, оношлуулах хэрэгтэй. Сорил тавиулахаас гадна ходоодоо дурандуулж, өтгөнөө шинжлүүлж байж шалтгааныг нь нарийн тодруулдаг. Тиймээс фэйсбүүк дээр бие биенээ хорлох гэж буй мэт есөн шидийн баталгаагүй зөвлөгөө өгч огт болохгүй. Харшлын улирал эхэлсэнтэй холбоотой янз бүрийн мэдээллээр бусдыгаа эрсдэлтэй байдалд битгий хүргээрэй!

 

Арьсны экземтэй хүмүүс цаашлаад өөр харшилтай болох амархан уу?

ХАРШИЛ БОЛ ЭМЧЛЭГДДЭГ ГЭХДЭЭ ЭДГЭРДЭГГҮЙ ӨВЧИН. НЭГЭНТ ХАРШИЛТАЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД ДЭГЛЭМЭЭ БАРИХГҮЙ БОЛ АЛТТАЙ ЭМ ӨГӨӨД Ч НЭМЭР БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮГ

Яг үнэн. Тэрнийг чинь л болгохгүй гээд өөр харшлаас нь экзем, астмаг салгах гэж эмч нар ажилладаг. Үүнийг эмч нар биш энгийн хүмүүс зөвлөгөө өгөөд өөрсдөө эмчлэх гэж оролддог нь харамсалтай. Эдгээр бүх харшлууд эмчлэхэд төвөгтэй, нэг ёсондоо 21-р зууны өвчин тул эмчид хандахгүй бол эмчилж чадахгүй. Харшил бол эмчлэгддэг гэхдээ эдгэрдэггүй өвчин. Нэгэнт харшилтай болсон тохиолдолд дэглэмээ барихгүй бол алттай эм өгөөд ч нэмэр болохгүй гэсэн үг.  Хуурамч харшилтай хүн  байж ч болно.  Үүнийг эмч нар л ялган оношилгоо хийж илрүүлдэг. Тэгэхээр юу юунд хүрэлгүй дураараа эм тан хэрэглэж өөрийгөө оношилж эмчилж болохгүй.

 

М.Саранцэцэг

Сэтгүүлч