ХӨМӨРСӨН ТОГОО ШИГ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

Эрсдэлд орсон үрсийн очих дахин нэг газар хаалгаа барив

Бие махбодын хийгээд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй, хүсэл тэмүүлэл, амьдралд итгэх итгэл нь эргээд сэргэхдээ удаан байдаг. 

Манай сонины даваа гаргийн дугаарт нийтлэгдсэн “Нарт хангайн хүүхдүүд хаачив?” гарчигтай сурвалжилгатай зэрэгцэн нэгэн харамсалтай мэдээлэл тархсан нь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төв санхүүжилтээ бие даан явуулах боломжгүйн улмаас хоёр дахь салбараа хаахад хүрсэн тухай байв.
“Нарт хангай”-н хүүхдүүдийн эрэл, суралд гарсан энэхүү сурвалжилгыг хийж байхдаа бид хараа хяналтгүй, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдийг тосоод авах төртэй, сэтгэлийн дэм өгөх хамгаалагч нартай байхын чухлыг мэдэрсэн билээ. Тиймээс л “Нарт хангай” болон “Үжин” гэх мэт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын үүдээ барьсныг сонсоод харамсах сэтгэл төрж буйг нуух юун. Тус төвийн тэргүүн Д.Ундраа хэлэхдээ “Хүүхэд хамгааллын үйлчилгээг хэн дуртай нь үзүүлдэггүй. Бие махбодын хийгээд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй, хүсэл тэмүүлэл, амьдралд итгэх итгэл нь эргээд сэргэхдээ удаан байдаг. Тиймээс л урт хугацааны хариу үйлчилгээний үр дүнд хүүхэд сая нэг бусадтай, ялангуяа эрэгтэй хүнтэй энгийн ярилцаж, нийгмийн харилцаанд орж чаддаг болдог. Ийм эмзэг асуудал өргөс авсан юм шиг арилахгүй. Манайх санхүүжилтээ дийлэнхийг нь сургалт явуулж, найз нөхөд, сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар шийддэг. Улсаас авч буй санхүүжилт манай зардлын 40 орчим хувийг л шийддэг. Ийм байхад хоёрын хоёр төвийн үйл ажиллагааг бие даан явуулахад үнэхээр хүндрэлтэй байгаагаа нуугаад яах вэ” гэлээ.

 Харин “Нарт хангай”-н нийгмийн ажилтан ярихдаа “Манай төвд хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин ирсэн. Тэр эхэндээ хөвгүүдийг үздэггүй, юм л бол эмзэг эрхтнийг нь өшиглөдөг, хөвгүүдтэй тоглодоггүй, тэднийг шоглодог хүүхэд байсан. Ингээд хэсэг хугацааны дараа хумс, хуруу будах дуртай, оёж шиддэг болоод буцсан. Нөгөө эршүүд охин маань насанд хүрэхээрээ гоо сайханч болно багшаа гээд буцсан шүү дээ. Үнэхээр хөөрхөн, хайр хүрмээр. Манай төвийг хаагаагүй байсан бол хүүхдүүд маань өнөөдөр үүгээр дэгэж дэрвээд хүүхэд төрхөндөө орчихсон, ирээдүйн амьдралаа төлөвлөөд явж байх байсан даа. Манай нэг хүү Багахангайд зориуд ирсэн гэж ярьдаг. Барилгын ажилд суралцах гэж ирснээ багшдаа хэлээд ирээдүйд эндээ суурьшиж ажиллана гэж хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогдож байна” хэмээн хүүхдүүдээ ярих түүний нүдэнд гэрэл, хайр цацарч байсныг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Энэ хүүхдээ гэх багш хүний чин сэтгэлээс хүүхэд гэдэг ямар ч орчинд өсч торнисон, хүмүүжсэн ч бай ямархан өрөвдөлтэй, гэнэн цайлган, хурдан засарч зөв замдаа орж болдгийг харж болохоор. Сэтгэлзүйчид ч зөв үйлчилгээ үзүүлж чадвал хүүхдийн сэтгэл зүй хамгийн хурдан сэргэдэг гэж хэлдэг. Гэхдээ сэдрэх эрсдэл бас өндөр.
Үүдээ бариад удаагүй байгаа “Үжин-2” төвд 1.3 настайгаас 15 хүртэлх насны 15 хүүхэд байжээ. Үүдээ хаасан учир наймыг нь хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хамгаалах байранд өгсөн байна. Гэтэл гурвыг нь гэрт нь хүргэсэн гэх мэдээлэл гарсан. Гэр бүлтэй нь огт тулж ажиллахгүй хэрнээ өнөөх л хүчирхийлэлтэй орчинд нь хүүхдийг эргэн нэгтгэж байгаа нь сэтгэл шимшрүүлмээр. Үнэндээ болохыг “Нарт хангай” болон “Үжин” төвийн жишээгээр бэлхнээ харж болох нь. Тиймээс “108 төв”-ийн удирдлагатай холбогдож энэ талаар лавлан асуухад “Үжин төвөөс ирсэн найман хүүхэд бүгдээрээ байгаа. Үжин төвийн байрных нь асуудлыг шийдэгдсэний дараа буцаагаад өгнө гэж ойлгож байгаа” хэмээв. Нууцлалын зэрэгтэй “108 төв”-ийн хамгаалах байрны хаалгаар шагайгаад харчих, авсан мэдээллээ нүдээр баталгаажуулчих боломжгүй хойно “тийм л байгаасай” гэж залбирахаас өөр аргагүй юм даа.
Нөгөө талдаа, бас л санаа амарч чадахгүй нэг асуудал нь “108 төв”-ийн дэргэдэх хамгаалах байранд хүүхэд байрлуулах хугацаа ердөө долоо хоногийн хязгаартай. “Үжин төв”-өөс очсон хүчирхийллийн хохирогч хүүхдүүд нэг долоо хоногийн “хамгаалалт” нь дуусахаар хаачих бол гэсэн асуулт байн байн толгойд эргэлдэнэ. Тосоод авах төвгүй хүүхдүүд нэг бол хүчирхийлэлтэй орчиндоо буцна, эсвэл улсын асрамж халамжийн төвүүдэд очихоос өөр арга замгүй. Гэвч хүүхдүүдийн дунд нэг яриа байдаг нь улсын асрамжийн төвд очсоноос, гадуур байсан нь дээр гэсэн ойлголт. Эндээс яагаад гэдэг асуулт бас л хөвөрнө.
Улсын асрамж халамжийн төвд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нэн шаардлагатай үйлчилгээгээ авч чаддаггүй юм байна. Олон хүүхэдтэйн дээр багш, сурган хүмүүжүүлэгч нар нь хүүхэд бүртэй сэтгэл зүйн хувьд тулж ажиллах боломжгүй гэх мэт нөлөөгөөр сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг авах хугацаандаа хүүхэд орхигдож, улмаар бараан бодолдоо автсаар улам хүндэрдэг юм байна. Арга ч үгүй биз. Улсын асрамжийн төвийн үйл ажиллагааны чиглэл нь угаасаа ийм хүүхдүүдтэй ажиллах биш. Тиймээс байдал энэ чигээр үргэлжилбэл бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн хувь заяа хэрхэх нь үнэхээр нийгмийн анхаарч, хөндөх ёстой эмзэг асуудал болох нь байна.

  Байдлыг улам бүр дордуулсан төрийн аппарат

 Уг нь явдал юм. Мөн 2017 оноос эхлэн хараа хяналтгүй болон эрх нь ноцтой зөрчигдөж, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд онцгой анхаарах тогтолцоог бүрдүүлэхээр төрийн аппарат ажиллаж эхэлсэн байдаг. Эдгээрийн илрэл нь бидний хөндөөд буй “Нарт хангай” болон “Үжин” төв юм. “Нарт хангай” бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болсон ирээдүйн иргэдийнхээ өмнө хүлээсэн төрийн үүргээ биелүүлэх үр дүнтэй, бодитой арга хэмжээ байсныг та бид харлаа. Төвийн үйл ажиллагааг зогсоосон нь нэг шат ахисан хүүхэд хамгааллын үйл ажиллагааг 20 алхам ухраасан шийдвэр болсон. Шилэн дансны мэдээллийг шүүхэд, “Нарт хангай”-г ашиглалтад оруулахад зөвхөн байрных нь засвар үйлчилгээнд 107.9 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс 2017 оны намар 69.9 сая төгрөгийг “Эрсү” ХХК-аар байшинг нь засварлуулахад зарцуулсан бол үлдсэн 38 сая төгрөгийг 2018 оны хавар дээврийн засварыг “Эм Би Эф” ХХК-иар гүйцэтгүүлэхэд зарцуулжээ.
Харин “Нарт хангай” төвийн доторх тавилга, эд хогшлын худалдан авалт, зарцуулалтын талаарх мэдээлэл шилэн дансанд тусгайлан бүртгэгдээгүй байна. Бидэнд өгсөн мэдээллээр тухайн үед ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Алтанзаяа “Нарт хангай”-н доторх тохижилтын ажлыг зохион байгуулж удирдсан гэх.
Монгол Улсын төр 2018 оноос бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдээ урт хугацаанд нөхөн сэргээж, сэтгэцэд нь гарсан эмгэгийг илааршуулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах арга замыг иргэний нийгэмтэйгээ түншлэх замаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнөөх “Үжин” төв бол үүний тод томруун нэг жишээ. Тус төв 2018 онд 49 сая төгрөг, 2019 онд 43 сая төгрөгийн санхүүжилтийг тендерийн журмаар авч, хохирогч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлжээ. Харин энэ онд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер цуцлагдсан нь шилэн дансанд бүртгэлтэй байна. “Үжин-2” хаалгаа барьж, тэндээс 108 төвийн хамгаалах байрт очсон найман хүүхдийн хувь заяа бүрхэг болсон шалтгаан энэ бололтой.
Эрх баригчид анхнаасаа судалгаа, шинжилгээтэй хүүхэд хамгааллын бодлогоо явуулсан бол “Нарт хангай” төв хаагдахгүй л байсан. Хүүхдүүд оргоод, хол учраас өвлийн улиралд замдаа хөлдөж эндэх шалтгаан байсан учраас татан буулгахад хүрсэн гэдэг шалтгааныг тэд хэлж, хөөрхий хүүхдүүд рүү хамаг буруугаа чихсэн. Уг нь тус төвийн багшийн хэлснээр “Оргосон хүүхдүүдээсээ учрыг нь асуусан чинь ганц хоёр цаг PC тоглочхоод л гэртээ харих гэж байсан гэж хэлсэн” гэлээ. Арга ч үгүй. Тоглоомонд донтсон хүүхдийг тээр хол зурагт ч үгүй газар гэнэт цөлчихөөр ямар хариу үйлдэл үзүүлэх нь ойлгомжтой. Манай хурган дарга нар өөрсдөө гэртээ утсаа шагайж, зурагтаа үзэж, гэдсээ цатгаж суугаа учраас энэ бүхнийг ойлгохгүй нь лавтай. Тэд нэг өдөр ч болтугай хүүхдүүдтэй хамт хонож, тэдний сэтгэл зүрх рүү өнгийж үзээгүй. Тийм атлаа ганц, хоёрхон удаагийн асуудал гармагц анхны зорилгоосоо няцаж, хамгийн амраар нь төвийг татан буулгана гээд шийдчихсэн. Уг нь өмнөх ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх энэ төвийн үйл ажиллагааг зөв голдиролд нь оруулаад, цааш нь үргэлжлүүлэх гэж үйл тамаа цайтал үзсэн юм билээ. Даанч ганцаараа хүчрээгүй, зарим нэг нялхамсаг дуракуудын айдсаас болж “Нарт хангай”-г хаасан. Хамгийн гол нь үүнээс болж хүүхдүүдийн хувь заяа болон татвар төлөгчдийн хөлс, хүчээ урсган байж олсон хөрөнгө мөнгө зүгээр л салхинд хийсчихэж байгаад гомдолтой байгаа юм.

     Ерөнхий сайдын чихнээс уях “хонх”

 Нэгэнт төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа, татвар төлөгчдийн төсөвлөсөн мөнгө үр дүнтэй зарцуулагдаж чадахгүй байгааг “Нарт хангай”, “Үжин” төвөөр жишээлж харуулсных энэ салбарын сайд С.Чинзоригоос Таны чихэнд хүрдэггүй болов уу гэмээр хэдэн зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сонины хуудсаар дамжуулан хүргэе.

Сүүлийн дөрвөн жилд ГБХЗХГ-ын дарга хоёр удаа, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргаар зургаан хүн солигдлоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх таны ахалсан энэ Засгийн газрын хамгийн их тордож, сэтгэл гаргаж, анхаарал тавьж хийх ёстой ажил нь хүүхэд хамгаалал байлаа. Ингэж ажиллах боломж ч сайхан бүрдсэн. Хүүхдүүдээсээ мөнгө харамлах ёсгүй гэж УИХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооноос шахсаар байгаад хүүхэд хамгааллын төсвийг жилийн жилд хангалттай батлуулаад өглөө. Өмнөх . Голын ширэг шиг ийм сайхан бааз суурь, эрх зүйн орчинд та бүхний хийх цор ганц ажил бол Монголын хүүхдүүдийг л хамгаалах байв.
Ерөнхий сайд таны хүүхдийн асуудал хариуцсан сайд дөнгөж хөл дээрээ өндийх гэж байгаа энэ салбарт төрийн албаны халаа сэлгээг хайр найргүй хийж байгааг дуулгаагүй юу? Миний мэдэхийн лав сүүлийн дөрвөн жилд ГБХЗХГ-ын дарга хоёр удаа, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргаар зургаан хүн солигдлоо. ЗУРГААН (6) УДАА ШҮҮ. Мөн Хүүхдийн тусламжийн 108 утасны төв, түүний дэргэдэх хамгаалах байрны дарга тус бүр хоёр удаа, “Нарт хангай”-н удирдлага хоёр удаа, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн дарга мөн хоёр удаа өөрчлөгдлөө.
Одоо ч гэсэн төрийн албаны шалгалт өгөөгүй, мэргэжлийн бус геологич хүн үүрэг гүйцэтгэгчээр ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжлийн асуудал эрхлэн ажиллаж сууна. Угтаа бүх аймаг, дүүргийнхээ удирдлагыг мэргэжил, арга зүйгээр хангах учиртай хүүхдийн газрын даргын орон тоо, албан тушаал ийм тогтворгүй, чадваргүй байхад, дээр нь бөгс улаймаар мэргэжлийн бус байхад Монголын үрс юунд итгэж маргаашийг угтах билээ.
Өнөөдөр МАН-ын найман тэрбум төгрөг төсөвлөсөн хүүхэд хамгааллын салбарт хүүхдийн эндэгдэл, хүчирхийлэл буурсангүй. Хариу үйлчилгээ хэр зэрэг үр дүнтэй байгааг хэмжих хэмжүүр алга. Тэр их төсөвлөсөн мөнгө хаашаа хэний салаагаар юунд зарцуулагдаад байна вэ!
2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад гэр бүл, цэцэрлэг сургууль, эрүүл мэндийн байгууллага, цахим орчны аюулгүй байдлыг хангах ёстой. Эдгээр салбарын уялдаа холбоог хангах учиртай газар нь ХНХЯ-ны харьяа ГБХЗХГ, түүний орон нутаг дахь нэгжүүд. Бас харьяалалд нь байдаг тусгай үйлчилгээний болон хамтарч ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд. Энэ бүхнийг зангидаж, нэг ч гэсэн хүүхдийг хамгаалахын төлөө зүтгэх ёстой төрийн аппаратад 60 тэрбумдаж орж ирсэн албан тушаалын халаа сэлгээ, эрх мэдлийн төлөөх тэмцэл дунд, жалга дов тойрсон шийдвэрийн үр дүнд Монгол орны өнцөг булан бүрт хүүхэд эндсэн, эрүүл мэндээрээ хохирсон, балмад үйлдлийн золиос болохгүй яах юм бэ????
Одоо хүүхэд эндсэн тухай мэдээг дагаж сэртхийж оволзохоо больё. Олон нийт оволзох бүрт нь хүүхдийн салбарт ажилладаг та бүхэн яланд унадаг байдлыг таслан зогсооцгооё. Оронд нь дарга, сайд нарын хэлсэн үг, гаргасан шийдвэрийг тэгсгээд намжааж аргацаадаг хоноцын сэтгэлээ халж, шат шатандаа мэргэжлийн түвшинд ажиллахад олон ч хүүхдийг эндэхээс сэргийлж, хүчирхийллээс хамгаалж чадна. Эс бөгөөс ирээдүйгээ хөмрөхийн ирмэгт ирээд буйг ухаараач, эрх баригчид аа.

 

 

 

Ардчилал Таймс

сонин