Цахим сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэрэгжихгүй байна

 

Цахим сургалт үр дүнтэй байна уу? Гэсэн асуултад БШУЯ-наас мэдэгдэл хийхдээ ‘’оюутнууд цахим сургалтын үр дүнд 82 хувийн сэтгэл ханамжтай байна’’ гэсэн барьцгүй хариултыг өгсөн юм. Энэ бол яах аргагүй хуучин НЗДТГ-ын хэрэгжүүлсэн ‘’ Аз жаргалтай Улаанбаатар хот’’ төслийн үр дүн 92 хувь биелэсэн хэмээсэнтэй агаар нэг буй. Тэгвэл бодит байдал дээр оюутан, суралцагчид цахим сургалтын үр дүнд 82 хувийн сэтгэл ханамжтай байгаа юу?

 

Монгол Улсад сургалтын үйл ажиллагаа явуулж буй зарим их дээд сургуулиудын нөхцөл байдал:

 

МУИС-ийн Оюутны холбоо, Оюутны конгресс

Оюутнуудын өрхийн орлого, төлбөрийн чадамж ямар түвшинд байгаа талаар судалгаа авсан ба цахимаар өргөдөл цуглуулжээ.  Тухайн өргөдлүүд дээр нэмж МУИС-ийн 2020 оны санхүүгийн гүйцэтгэл дээрх зарлагын төлөвлөгөөний биелэлт зэргийг  үндэслэж санал хүсэлт хүргүүлсэн байна.

Мөн  516 оюутны ар гэр 100 хувь орлогогүй болсон, үлдсэн оюутнуудын өрхийн орлого 20 хүртэлх хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Түүнчлэн төлбөр төлөхөд хөл хорионы нөхцөл байдлаас үл хамааран тогтмол хүндрэл үүсдэг 1500 орчим оюутан байна гэсэн үр дүн гарсан байна.

 

Оюутны холбооны зүгээс ТУЗ-д хүргүүлсэн албан бичиг хүргүүлсэн. Харин 1 сарын 21-ны өдөр захиргаанаас хариу ирсэн ч төлбөр хөнгөлөлтийн талаар нэг ч үг дурьдагдсангүй.  Гаргасан шийдвэрийн хувьд:

 

1. Шаардлага хангасан бүх оюутанд Боловсроын зээлийн сангийн зээлийг олгоно.  Боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж ирээгүй тохиолдолд мөн адил та бүхэнтэй гэрээ байгуулж төлөх хугацааг ахин тодорхойлно.

2. Хичээл сонголт эхлэхэд сургалтын төлбөрийн 50% - ийг төлөн хичээлээ баталгаажуулах боломжтой ба үлдсэн 50% - ийг 2021 оны 04 сарын 01 ний дотор төлж барагдуулах боломжоор хангана. Цаашлаад оюутнууд цахим хичээлийг чанаргүй гэж үзэж тухайн хичээлийг судалж буй оюутнуудын 50+1 нь 3 дугаар долоо хоногийн дотор гомдол гаргасан тохиолдолд тухайн хичээлийг шимтгэлгүй цуцлах эсвэл өөр багшаар заалгах арга хэмжээнүүдийг авна.  гэсэн хариултыг МУИС-ийн захиргаанаас оюутнууддаа өгсөн байна.

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутны холбоо

2021 оны 1 сарын 19 ны өдөр Оюутны холбоо болон оюутны зөвлөлийн төлөөлөгч оюутнууд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захиралтай уулзсан байна. Уулзалтын хүрээнд:

1. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

2. Төлбөрийг хувааж төлж болох эсэх

3. Оюутан хөгжлийн зээл

4. Цахим сургалтын чанар

5. Кредитийн урамшуулал гэх 5 асуудлаар ярилцсан байна.

Гэвч сургуулийн зүгээс сургалтын төлбөрийг хөнгөлөх боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Учир нь цахилгаан, дулаан төлбөрийг улсаас хөнгөлөөгүй мөн оюутны сургалтын төлбөрөөр багш нараа цалинжуулж байгаа тул төлбөрийг хөнгөлөх боломжгүй. Харин онлайн хичээлийг сайжруулахийн тулд багш нараа сургалт семинарт хамруулж байгаа. Мөн оюутнуудаа төлбөрийн дарамтад оруулахгүйн тулд сургалтын төлбөрийг аль болох уян хатан нөхцөлтэйгөөр хувааж төлөх нөхцөлийг хүлээн авсан гэж мэдэгджээ.

 

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны зөвлөл

Тус сургуулийн Багшийн сурргуулийн Оюутны зөвлөл УЗ-ийн гишүүдтэй цахим хурал хийсний үр дүнд сургалтын төлбөрийг хоёр хуваан төлөх боломжийг оюутнууддаа олгожээ. Мөн Боловсролын сангийн зээлийг анги бүрээс хоёр оюутанд олгох квот өгсөн байна.

Гэхдээ энэ шийдвэрүүд нь ердөө гал унтраах төдий хангалтгүй, аргацаасан байгаа нь харагдаж байна. Учир нь:

1/ Энэ нь тус тэтгэмжийг дөрвөн жилийн гэрээгээр авахаар болсон оюутнуудын сурах эрхийг боомилж, аргаа барсанг нь сургуулиа орхи гэсэнтэй ялгаагүй шийдвэр болсон байна.

 

2/

хичээл сонголт нь эхэлсэн МУБИС, ШУТИС зэрэг сургуулиуд хичээлээ баталгаажуулахын тулд кредитын төлбөрөө заавал төлөх хэвээр байна.

 

3/  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн их дээд сургуулийн захирлуудад хоёрдугаар  улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх, хөнгөлөлтийн бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх гэсэн тушаалыг өгсөн. Гэсэн хэдий ч хичээл сонголт нь аль хэдийн эхэлсэн МУБИС, ШУТИС зэрэг сургуулиуд хичээлээ сонгохын тулд кредитын төлбөрөө заавал төлөх хэвээр байна.

 

 

 

Их дээд сургуулиудын оюутны холбоод дээрх шаардлагуудыг хүргүүлсэн. Харин Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөнөөс цахим судалгаа авчээ. Гурав хоногт 11204 оюутан хамрагдсан ба судалгааны үр дүн сонирхолтой гарсан байна. Үйл ажиллагаа бүтцийн хувьд сургууль, эвсэл холбоо, нам, ТББ-уудаас ангид бөгөөд энэхүү асуудалд хамгийн түрүүнд идэвхийлэн оролцсон залуучууд юм.

Тэд цахим орчинд уриалга гаргахын сацуу БШУЯ болон Их Дээд Сургуулиудын захиргаанд албан шаардлага хүргүүлэхээр бэлдэж байгаа аж. Үүнд:

1. Цахим болон танхимийн сургалтын зөрүүг гаргах, тус зөрүүг оюутнуудад буцаан олгох, эсвэл 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын төлбөрт шилжүүлэх.

2. Сургалтын төлбөр төлөлтийг уян хатан байдлаар шийдвэрлэн. /хоёроос гурав хувааж төлөхөөр зохицуулах/

3. Цахим хичээлийн чанарыг сайжруулан бэлтгэх .

4. Сургуулийн санхүүгийн дотоод тайланг оюутнуудад ил тод болгож зарцуулалтаа тайлагнах / нэг кредитийг төлбөрийн задаргааг дэлгэрэнгүй гаргаж өгөх/-ийг тус тус хүсч байна.  Гэсэн шаардлагуудыг тавьж буй юм.

Оюутнуудаас авсан судалгааны дүнг танилцуулбал:

 


БШУЯ-наас цахим сургалтын чанарыг 82 хувиар үнэлсэн ч бодит байдал дээр оюутнууд -92 хувиар үнэлж, муу дүн тавьлаа. Дан ганц чанар муу байгаагаас илүүтэй өнгөрсөн хугацаанд олон сараар тасалдсан танхимын хичээлээс хэмнэж болох байсан зардлуудаар хөнгөлөлт үзүүлж болохыг оюутнууд шаардсаар байна.

Тэгвэл гадаадын зарим орнуудын их дээд сургуулиуд цахим сургалтын төлбөрийг хэрхэн зохицуулж буй жишээтэй танилцая

 

БНСУ

Сөүлийн үндэсний их сургууль саяхан сургалтын төлбөрийн хороогоо байгуулж, энэ жил бакалавр, магистрын сургалтын төлбөрийг тус тус зогсоож магадгүй шийдвэр гаргасан байна. Сургалтын төлбөрийн хороонд зөвхөн оюутнууд гэлтгүй   багш, ажилчид болон сургуулийн захиргаанаас нийлсэн баг бүрджээ.

Чүнбүг, Чүнчёон, Вүүсүк бүсийн их сургуулиуд энэ жил их сургуулийн цахим сургалтын төлбөрийг царцааж элсэлтийн  хураамжийг багасгах юм уу чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Харин Сэвон  их сургуулийн хувьд  энэ сарын сүүлээр төлбөр хэлэлцэх комиссыг байгуулж төлбөрөө царцааж,элсэлтийн хураамжаа бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: mbc news

 

Австрали

Энэ улсын тухайд цахим сургалтын төлбөрийг бүтнээр нь авч байгаа боловч зарим тусламжуудыг бүх оюутнууддаа  адил тэгш хүртээж буй юм.

Викториа мужийн захиргаанаас оюутан бүрт 1100 долларын туслалцаа үзүүлсэн байна. Мөн их дээд сургууль бүр яаралтай тусламжийн сан байгуулж, оюутнууддаа 1000 долларыг бэлэглэжээ.

 

Япон

Цар тахлын нөхцөл байдал хүндэрснээс үүдэж танхимын болон цахим сургалт хосолж орж байгаа. Мөн бүх сургалтаа онлайн болгосон сургуулиуд байгаа ч номын сангуудаа хүний тоо, цагийн хязгаартайгаар ашиглаж байгаа юм. Хосолсон аргаар хичээллэж буй сургуулиудын хувьд 50-с доош оюутан сонгосон хичээлүүд танхимаар, үлдсэн хичээлүүд цахимаар гэсэн зохицуулалттай байгаа аж. Өнгөрсөн намрын улиралд төлбөрөө бүтнээр нь авсан ч зуны амралтаар ихэнх сургуулиуд бүх оюутнууддаа 50000-80000 иений тэтгэмжийг цахим хичээлд нь  зориулж хандивлажээ.

Хилийн чанад дахь орнуудын жишээ үүгээр дуусахгүй их бий. Манай улсад эдгээр улс орон шиг өндөр тэтгэмж, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломж хомс хэдий ч их дээд сургуулиудын удирдлагууд сэтгэл зүтгэлтэй байж, боломжит гарцуудыг хайвал тодорхой хэмжээнд төлбөрийн хөнгөлөлт үзүүлж болох арга зам олдох юм. Олон эрдэмтэн багш нартай судалгааны байгууллагын хувьд үүнийг хийхэд сэтгэл дутаж байна гэлтэй. 2020 оны хаврын улирлаас эхлэн дараалсан гуравдахь удаагийн цахим сургалтаар оюутнууд танхимын төлбөрөөр суралцсан. Энэ удаад ч мөн цахимаар орох бол өмнөх улирлуудад хэмнэж болох байсан зардлууд яагаад ахиу зардал болон гарсныг тайлбарлахыг оюутнууд шаардсаар байна.

Жишээ нь: МУИС-ийн хувьд танхимын сургалт ороогүй үед хэмнэсэн хувьсах зардал/ цахилгаан, дулаан, ус/, томилолтын зардал, байгууллагын үйл ажиллагааны зардал, ахуйн хэрэглээ гэх хэмнэгдэх боломжтой зардал олон. Төсөвт төсөвлөгдөөгүй хэрнээ сургуулийн данснаас зарлага болж гарсан мөнгө, цахилгааны зардалтай дүйцэхүйц мөнгөн дүнтэй харуул хамгаалалтын зардал гэх мэт танаж болохоор зүйлс олон байна.

 

Илүү дэлгэрэнгүй тоо баримтыг энд дарж энд дарж үзнэ үү.

Дан онолоос илүүтэй практикд суурилсан хичээлүүд үздэг сургуулиудын хувьд хүндрэл ихтэй. Лабораторт туршилт хийж, бэлтгэлийн заалыг ашиглаж хичээлээ үзээгүйн төлөө хэмнэсэн зардлаа ил тод тайлагнаж тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлэхийг оюутнууд шаардсаар байгаа.

Энэ бүх шаардлагын хариуг хүлээн авч, боломжгүй гэж гүрийх бус судалгаа болон тайлангаа ил тод үзүүлж бодитой дэмжлэг үзүүлэх нь нэн тэргүүний ажил болж байна.

 

М.Саранцэцэг

Сэтгүүлч