Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөлөөллийн хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нөлөөлөл, манлайллын хөтөлбөрийг Конрад-Аденауэр-Сангаас Монголд анх удаа зохион байгууллаа.

“КАСКАП” буюу “Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр” нь есдүгээр сарын 26-наас арваннэгдүгээр сарын 7-ний өдөр хүртэл амжилттай хэрэгжсэн бөгөөд нийт 24 оролцогч хамрагдсан юм. Тэд улс төр, эдийн засаг, хүний эрх, иргэний нийгэм, эдийн засаг гэсэн таван сэдвийн хүрээнд онол, практикийн хичээл, сургалт авчээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд дөрвөн багт хуваагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх “олон нийтэд чиглэсэн нөлөөллийн төсөл” боловсруулан энэ амралтын өдрөөр шилдгээ шалгаруулсан юм. /2020.11.07/

Хөтөлбөрийн талаар КАС-ын Хөтөлбөрийн менежер Б.Ариунбаяр хэлэхдээ, “Уг Community advocacy program-ийг КАС-ийн шууд санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Залуучуудын манлайлал, эмэгтэйчүүдийн манлайлал гээд л маш олон манлайллын хөтөлбөр байдаг ч нийгмийн тодорхой хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ийм төрлийн хөтөлбөр байдаггүй. Миний хувьд улс төр судлалын ангийн оюутан байхаасаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсэж, мөрөөдөж, төлөвлөж байсан бөгөөд зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. 2012 оны үед УИХ дахь эмэгтэйчүүдийн квотын асуудал ид яригдаж байсан бөгөөд гэдэг үзэл баримтлалыг олон нийт илэрхийлж байсан. Үнэхээр ч гэж би боддог. Харин Монгол Улсын хувьд ийм боломж хараахан байхгүй. Жишээлбэл, Монгол Улсын хүн амын 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. 160 орчим мянган хүн гэсэн үг. Сүүлийн сонгуулиар л гэхэд дунджаар 23 мянган хүний саналаар Улсын Их Хурлын гишүүн болж байна. Тэгэхээр 160 мянган хүн, тэдний асуудал гэдэг төлөөллийн төвшинд яригдах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх хэрэгтэй зүйлс бий. Тиймээс ч тэд дуу хоолойгоо илэрхийлж, шийдвэр гаргах төвшинд хүргэх боломжоор хангагдах ёстой. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд манай хөтөлбөр хэрэгжсэн.

Манай хөтөлбөрт нийт 24 оролцогч хамрагдсан бөгөөд  улс төр, эдийн засаг, хүний эрх, эрх зүй, иргэний нийгэм гэсэн таван сэдвийн хүрээнд онол, практикийн хичээлд хамрагдсан. Жишээлбэл улс төр гэх сэдвийн хүрээнд хоёр онолын хичээл орсон. Мөн танилцах семинарын хүрээнд Улсын их хуралд суудалтай дөрвөн нам, эвслээр биечлэн зочилж үйл ажиллагаатай нь танилцсан. Биднийг танилцах үед 2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа таарсан бөгөөд манай оролцогчид намуудын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэрхэн тусгасан байна гэдэгт санал бодлоо солилцож, байр сууриа илэрхийлсэн.

Мөн эрх зүйн сэдвийн хүрээнд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг түгээмэл асуудал, үүнийг хэрхэн шийдвэрлэсэн шүүхийн кэйсүүд дээр ажиллаж, Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө мэдээлэл авсан. Эдийн засаг, хүний эрх, иргэний нийгэм сэдвийн хүрээнд ч E-mart, Глоб интернешнл ТББ-гээр зочилсон бөгөөд хамтран ажилласан, бидний үйл ажиллагааг дэмжсэн байгууллагууддаа онцгойлон баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн төгсөлтийн дараа оролцогчид өөр, өөрийн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд О.Насанжаргал, “Миний хувьд ийм гоё хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Баянзүрх дүүргийн 24-р хороог төлөөлж оролцож байна. Хаалттай хаалганы цаанаа нийгмийн харилцаанд орохыг хүсдэг олон хүмүүс байдаг. Би тэдэнд энэ хөтөлбөрөөс олж авсан, сурсан мэдсэнээ хуваалцах болно. Хичээл бүр үнэ цэнэтэй байсан. Өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалах, хууль эрх зүй гэж юу болох, хуулийн хүрээнд өөрт тулгардаг асуудлыг хэрхэн зөвөөр шийдэх зэрэг олон мэдлэгийг авсан. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах орчинг хангаж өгсөнд маш их баярлалаа гэж КАС-д хэлмээр байна. Харж чадахгүйд нь харах боломж, сонсож чадахгүйд нь сонсох боломж, ярьж чадахгүйд нь өөрийгөө ойлгуулах боломжийг бүрдүүлж өгсөн нь хүн бүрийг адил тэгш суралцаж, мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгсөн явдал байлаа” гэсэн юм. 

Үнэхээр л төгсөлтийн арга хэмжээ дээр хүн бүр нэг нэгэндээ санаа тавьж хөл муутайгаа түшиж, тэрэгтэйгээ түрж, алга ташихдаа ч хоёр төрлөөр ташиж, дууг хүртэл дохионы хэлээр давхар орчуулж, танилцулугыг том үсгээр харьцуулан бичсэн байснаараа онцлог байв.

“КАСКАП”- хөтөлбөрийн талаар хөтөлбөрийн оролцогч А.Даваажаргал, "Би анх удаа ийм төрлийн сургалт хөтөлбөрт хамрагдаж байгаадаа баяртай байна. Би ийм хөтөлбөр байдаг гэдгийг урд нь мэддэггүй байсан. Хөтөлбөрийн мэдээллийг манай дүү фэйсбүүкээс хараад надад хэлсэн. Дүүдээ талархаж байна. Энэ хөтөлбөрт мэргэжлийн орчуулагч багш байгаад маш их баяртай байна. Бүх хичээлийн турш үргэлж орчуулагч багш дэргэд маань байсан учраас мэдээллийг бүрэн авч чадсан. Сэдэв бүр маш их сонирхолтой байсан. Хамгийн анх намуудын байртай танилцсан. Жишээлбэл, Ардчилсан ордонтой танилцахад ханан дээрх зургуудыг нь хараад "Ардчиллыг хэрхэн авчирсан бэ" гэдгийг мэдсэн. Их сонирхолтой. Бас бидний амьдарч байгаа нийгэм үнэ цэнэтэй санагдсан. 

Мөн хууль эрх зүйн талаарх мэдлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. Миний хувьд хөтөлбөрт хамрагдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийг мэдэж авч ажиллаж байгаа газраа гэрээ хийх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Тиймээс захиралдаа санаагаа ойлгуулж Хөдөлмөрийн гэрээгээ хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллахыг маш их хүсдэг ч нийгмийн харилцаанд орохоос айдаг. Эсвэл биднийг ажил олгогч нар ажилд авахыг хүсдэггүй. Тиймээс ажил олдвол баярладаг. Тэгээд гэрээнд ч ач холбогдол өгдөггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулийн мэдлэг, мэдээллийг ч хүртээмжтэй авч чаддаггүй. Энгийн хүмүүсээс хэд дахин илүү их хичээх хэрэгтэй болдог. Тиймээс өөртэйгөө адилхан хүмүүст нийгмийн харилцаанд орохоос битгий айгаарай илүү их хичээгээрэй. Маш олон боломжууд бидэнд байна шүү гэж хэлмээр байна.

Би үсчнээр ажилладаг. Үйлчлүүлэгч нартайгаа бичгээр харилцдаг. Зарим хүмүүс ингэж төвөгтэй харилцахыг хүсдэггүй. Ийм үед хүн бүр дохионы хэлээр ярьж чаддаг бол ямар гоё вэ гэж хүсдэг. Харин манай ажлынхан надад маш сайн ханддаг учраас одоо би тэдэнд дохионы хэл зааж өгч байгаа. Харин тэд надад үс хэрхэн засах, массаж хэрхэн хийхийг зааж өгдөг. Хичээвэл боломж байдаг.  Энэ хөтөлбөрт хамрагдсанаар олон нийтэд өөрийгөө зөвөөр ойлгуулах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг ойлгосон. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд миний оролцоо чухал үүрэгтэй" гэсэн юм. 

Монгол дахь Конрад Аденауэр сангийн төслийн менежер С. Ганзаяа, “КАСКАП” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжиж байгаагаараа онцлог. Хөтөлбөрт хамрагдсан оролцогчид 4 баг болж нөлөөллийн төсөл боловсруулсан. Бүгд сайн төсөл боловсруулсан бөгөөд шүүгчдийн зүгээс тогтвортой байдал болон тодорхой шалгуурыг харгалзан үзэж хоёр төсөл шалгаруулсан. Шалгарсан төслийн багийн хувьд төрийн байгууллагын мэдээлэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байна, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг судалсан. Төслийн хүрээнд төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаар болсон. Үүнд зориулсан тодорхой хэмжээний санхүүжилтийг КАС-аас гаргаж байгаа. Цааш, цаашдаа “КАСКАП” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна” гэсэн юм. 

Шалгарсан төслийн багийн гишүүн Б.Янжмаа хэлэхдээ, "Манай баг “Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл бичсэн. Зорилго нь төрийн байгууллагын мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олон сонголттой буюу хүртээмжтэй хүргэх боломжийг хангах юм. Жишээлбэл би харааны бэрхшээлтэй. Над шиг хүмүүст том үсгээр унших сонголт хэрэгтэй байдаг. Эсвэл дуу авиагаар болон дохионы хэлээр мэдээллийг авах боломжтой.  Олон улсад энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн туршлагууд бий. Бид шат дараалалтайгаар төрийн байгууллагын цахим хуудсын мэдээллийг хүртээмжтэй болгохын тулд ажиллана. Малгай байгууллага болох Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтарч төслийн эхлэлээ тавихаар төлөвлөж байна.  Техникийн шийдэлтэй асуудал учир дор хаяж зургаан сарын хугацаа шаардагдана. Бидний хамгийн гол зорилго бол өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг зохих газарт нь мэдэгдэж, ойлголтыг эерэгжүүлж, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг арга замыг тодорхойлох юм. Үүний үр дүнд төрийн байгууллага мэдээллээ ил тод хүртээмжтэй хүргэх үүргээ биелүүлж, бусад хүмүүс мэдэх эрхээ эдлэх боломж бүрдэнэ" гэв.

Конрад Аденауэр Сан нь онцгой мэдлэг чадвартай, нийгмийн манлайлагч залуучуудыг цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд та дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас болон сошиал сувгаар аваарай.

The Spotlight

нийтлэлч