Б.Ариунбаяр: Иргэдийн амьдралд орон нутгийн сонгууль хамгийн их нөлөөтэй ч ямагт УИХ-аас бага ирцтэй байдаг

 

Тодорхой засаг захиргааны нэгжийн удирдлагыг сонгох орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард болно. Энэ утгаараа иргэдийн хамгийн хариуцлагатай байж, сонгуулиа өгөх цаг ирж байна.  Иргэдийн идэвх, УИХ-н сонгуулийн үр дүн гээд олон зүйлс орон нутгийн сонгуульд нөлөөлдөг. Тиймээс энэ талаар “Улс төрийн боловсролын акедеми”-ийн захирал Б.Ариунбаяртай ярилцлаа.

 

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог юу вэ, сонгууль ямар системээр явагдах вэ?

 

Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ удаагийн сонгуульд хэд хэдэн хуулийн өөрчлөлт орсон. Сонгогдох нас өмнө нь 25 байсан бол 18 нас болж өөрчлөгдсөн. Мөн “Аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн тухай хууль”-ийн 6.5 дээр зааснаар нийслэлд буюу аймагт нэр дэвшигч нь сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зэрэг нэр дэвших боломжтой болсон. Системийн хувьд мэдээж УИХ-ын сонгуультай ижил мажоритар системээр явагдана.

 

Энэ өөрчлөлт сонгуульд хэрхэн нөлөөлнө гэсэн үг вэ?

 

Мэдээж сонгох, сонгогдох насыг тэгшитгэсэн нь залуучуудад илүү боломжийг нээж өгч байна. Харин сонгогдох талаасаа хэтэрхий том тойрог дээр нэр дэвшигчид зэрэг өрсөлдөхөөр илүү олонд танигдсан, бэл бэлчинтэй хүмүүс сонгогдох магадлалтай. Жишээ нь иргэд 10 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж болдог байсан бол их хуралд нэр дэвших эдийн засгийн бололцоотой хүмүүс өрсөлдөөд ирэхээр энэ хүмүүс дээ дарагдана гэсэн үг л дээ. Энэ утгаараа томчуудын тоглоом гэж хэлж болно.

 

Тэгэхээр энэ сонгуулиар намын харьяалалгүй, олонд танигдаагүй ч чадварлаг залуу боловсон хүчин гарж ирэх боломж харагдаж байна уу?

 

Боломж бага ч, байхгүй гэсэн үг биш. ИТХ-д аль ч насны хүмүүсийн төлөөл байх ёстой. Тэгж байж тэгш оролцоо сайн хангагдана. Төлөөллийн байгууллага хэдэн ч хүнээс бүрдсэн залуучууд буюу  20-30 насныхан түүний арван хувийг эзлээсэй гэсэн горьдлого байна.

 

УИХ-ын сонгуульд МАН олонхийн суудлыг авсан. Энэ нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх үү?

 

Мэдээж эрх баригч нам, эвсэл хүчний зүгээс нийгэмд “дээгүүрээ улааруулсан /МАН/ юм чинь доогуураа ч бас улааруулбал ажил илүү урагштай явна” гэсэн пропагандаг /шуум/ тараахыг хичээнэ. Тэгсээр ч ирсэн. Гэхдээ залуу судлаачийн үүднээс заавал ийм байх шаардлагагүй гэж бодож байна.

 

Цар тахалтай холбоотой нийгмийн сэтгэлзүй тогтворгүй байна шүү дээ. Вирусыг дотооддоо алдаагүй нь МАН-д давуу тал болох уу?

 

Тийм. Мэдээж эрх баригч нам орон нутгийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж гарж ирнэ. Гэхдээ дүгнэлт гаргахад эрт байна. УОК хөл хориог долдугаар сарын 31-нийг хүртэл сунгачихлаа. Тэгэхээр цаашаа юу болохыг хэн ч мэдэхгүй.

 

Судлаачийн үүднээс энэ орон нутгийн сонгуулийн үр дүнг хэрхэн таамаглаж байна?

 

Өмнө дурдсанчлан прогноз хийхэд арай эрт байгаа ч УИХ-н сонгуультай ижил үр дүн гарна гэж таамаглаж байна. УИХ-н сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Тийм учраас тэр хүмүүс бүгдээрээ л орон нутгийн сонгуульд хүч үзнэ шүү дээ.

 

Тухайн орон нутагт амьдардаггүй ч сонгуулийн төлөө харьяаллаа солиод өөр газраас нэр дэвших хандлага ажиглагддаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

 

Тийм ээ. Бид энэ хандлагаасаа салах хэрэгтэй. Хуучин социализмын үед малчид "Мал маллахаа Марксаар заалгахгүй" гэж ярьдаг байсан. Үүнтэй ижил миний орцод байгаа асуудлыг нам шийдэхгүй. Тэгэхээр ИТБ, НӨУБ төлөөлөгч тухайн оршин суух газрын хаягтай иргэн байх хэрэгтэй. Хэрвээ тийм биш бол тухайн газар нутаг, засаг захиргааны нэгжид ямар асуудал байгааг мэдэхгүй шүү дээ.

 

Ер нь иргэдийн хурлын төлөөлөгчийн гол үүрэг юу вэ. Өмнөх сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид үүргээ хэр биелүүлсэн гэж бодож байна?

 

Өөрийн оршин буй засаг захиргааны нэгжийг иргэдэд илүү ээлтэй, аюулгүй, сэтгэл ханамжтай байлгахаар ажиллаж буй хүмүүсийг л ИХТ гэдэг шүү дээ. Мэдээж би хүний хийж бүтээснийг шүүхгүй. Харин шүүмжлэлтэй хандах зүйл гэвэл ИТХ төрийн захиргааны байгууллага шиг ажилладаг болчихсон байна. ТЗБ нь эрх мэдлийн төвлөрөл харьцангуй их, хариуцлагын босоо тогтолцоотой байдаг. Мөн төр, хувийн хэвшлийн харилцаа бага. Эсрэгээрээ ИТХ нь нийтийн удирдлагаар хангагдсан байх ёстой. Тэгэхээр ИТХ олон талт түншлэлийн байгууллага байх ёстой гэсэн үг. Үүнд: 

Нэгдүгээрт, төрийн байгууллага оролцоо

Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоо

Гуравдугаарт, иргэний нийгмийн байгууллагын оролцоо тэгш хангагдсан байх ёстой. Төрийн байгууллага нь улсын төсвөөс хуваарилаж өгсөн төсөв мөнгийг захиран зарцуулах эрхтэй байгууллага. Харин энэ хязгаарлагдмал нөөцийг хэрхэн зөв зохистой зарцуулах ноу-хауг хувийн хэвшил гаргах ёстой. Эдгээрийн хамтын ажиллагаан дээрээс тухайн нөөц үржигдэж байх ёстой. Үүнд хөндлөнгийн хяналт тавьж мөн санал санаачлаг, дүгнэлт боловсруулах ёстой газар нь иргэний нийгмийн байгууллага буюу иргэн өөрөө юм.

 

Хамтын ажиллагааг хөгжүүлж байж, асуудалдаа цогц шийдэл гарч ирнэ гэж ойлголоо. Зөв үү?

 

Тийм ээ. Олон талт харилцааг бий болгож чадвал олон давуу талтай. Тухайлбал олон янзын буюу плурал сэтгэхүйтэй хүмүүс хамтарч бие биедээ хяналт тавьдаг. Мөн хүмүүсийн дунд шинэ харилцаа холбоо үүсгэснээр бизнес болон бусад салбарт ч эерэгээр нөлөөлнө.

 

Тэгэхээр энэ орон нутгийн сонгуульд ямар чадвартай хүмүүс гарвал илүү үр бүтээлтэй ажиллаж чадах бол, өрсөлдөхдөө ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ?

 

Хэрвээ би өрсөлдөж буй иргэдийг шударга байгаасай, бие биенийгээ битгий харлуулаасай гэж яривал утопи болно. Яагаад гэвэл хэзээ ч тийм байх боломжгүй. Харин шийдвэр гаргалтын 4 алхмыг  сайн хэрэгжүүлж чаддаг, менежерийн ухаантай байгаасай гэж хүсч байна. Үүнд: 

Нэгт, Асуудлаа зөв тодорхойлох

Хоёрт, Шийдлээрээ тодорхойлох

Гуравт, Хувилбаруудаа үнэлж, дүгнэх

Дөрөвт, Үр дүнг нь тодорхойлж хэмжих хэрэгтэй. Тэгэхээр тодорхойлсон асуудалдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө зааврыг тусгаж аваад, гаргасан шийдлийнхээ эрсдэл үнэлгээг сайн хийчихдэг, үр дүнгээ тооцож хэмждэг ур ухаантай байх хэрэгтэй гэж бодож байна.

 

Ярилцсанд баярлалаа!

 

 

 

П.Мөнгөнсор

Сэтгүүлч