Д.Бумдарь: Иргэдийн идэвхигүй байдал орон нутгийн сонгуульд намын эзлэх байр суурийг өндөр болгодог

 

 

Арван сард орон нутгийн сонгууль болно. Энэ бол төрөөс чиглэсэн удирдлагыг тухайн засаг захиргааны нэгжид хэн нь хяналт тавих нь шийдэгдэх чухал үйл явдал. Гэсэн хэдий ч "Орон нутгийн сонгууль намынх болдог, улс төрөөс ангид байж чаддаггүй, намын гишүүд л сонгогддог" мэтчилэн иргэд ярьцгаадаг. Үүнтэй холбогдуулан орон нутгийн сонгуулийн талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

 

 УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хоёр юугаараа ялгаатай юм бэ?

УИХ-ын сонгууль нь Монгол улсын нэгдмэл төрийн бодлогыг хэрэгжүүлэх хуулийг батлах төлөөлөгчдөө сонгож байгаа үйл явц. Нэг ёсондоо Монгол Улсын төрийг хамтдаа эвлэн байгуулж байгаа ард иргэдийн оролцоо юм. Харин орон нутгийн сонгууль нь тухайн засаг захиргааны нэгжийн асуудлыг шийдэх  удирдлагыг сонгодог. УИХ нь Монгол Улсыг бүтнээр нь, орон нутаг бол засаг захиргааны нэгж болгон дээр удирдлагаа сонгох явдал гэж ойлгож болно.

 

  Яагаад орон нутгийн сонгууль хийх ёстой вэ?

Монгол Улс бол засаг захиргааны нэгжийн хувьд 21 аймагтай. Төрийн удирдлагын хувьд нэгдмэл улс. Засаг захиргааны нэгжүүдийг зөвхөн төр буюу нийслэлээс удирдах нь энгийнээр бодвол боломжгүй. Нөгөө 21 аймагт төрийн удирдлагыг яаж саадгүй хэрэгжүүлэх вэ гэдэг их төвөгтэй. Үүнийг шийдэхийн тулд бид орон нутгийн сонгуулийг дөрвөн жил тутам нэг удаа хийдэг. Бусад улс орны жишгийн дагуу засаг захиргааны нэгж болгон дээр удирдлагуудыг тавьж, түүгээрээ төвийн удирдлагаас ирэх чиглэлийг яаж, хэрхэн хүргэх, удирдах вэ гэдэг дээр өөрсдийнхөө төлөөллийг тавьж байгаа юм. "Орон нутгийн сонгууль хийхгүйгээр зүгээр томилчхож болдоггүй юм уу" гэх асуулт зайлшгүй гарч ирдэг. Шалтгаан нь төрийн буюу төв удирдлага засаг захиргаа болгоны онцлогийг мэдэхгүй, тэнд гарч ирж байгаа асуудлууд, өдөр тутмын үйл ажиллагаанд төр оролцох боломжгүйтэй холбоотой. Тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа хүн л асуудал шийдлийг мэддэг болж таарч байна. Тийм учраас зайлшгүй орон нутгийн сонгууль хийх хэрэгтэй.

  

"УИХ-ын сонгууль ард түмний биш системийн сонголт болчихлоо" гэж хүмүүс ярьж байна. Тэгвэл энэ жилийн орон нутгийн сонгууль улс төрийн намаас ангид явагдаж чадах уу?

 

Чадахгүй. Манайх чинь нэгдмэл учраас улс засаг захиргааны нэгж нь төвөөс чиглэлтэй байдаг. Энэ нь яг нэгдмэл гэдэг шинжээ хадгалж чаддаг гэсэн үг. Аймгийн засаг дарга нарыг нийслэлээс зөвшилцөн томилж байгаа нь жинхэнэ төвийн удирдлага хэрэгжиж байгаа гэсэн үг. Манайхтай ижил нэгдмэл улс мөртлөө хоёрдмол системээр явдаг улсууд бий. Засаг дарга нар нь өөрсдөө нэр дэвших боломжтой байдаг. Манайд тийм тогтолцоо байхгүй. Хэрвээ засаг дарга нар сонгуульд өрсөлдөөд гарч ирж байгаа бол хоёр систем зэрэг явж байна гэсэн үг. Манай тогтолцоонд ИТХ-аас томилдог. Энэ нь өөрөө бэлэгдлийн шинжтэй болсон байдаг. Сонгохгүйгээр зүгээр томилчиж болно. Ийм маягтайгаар хийгдэж байгаа хэдий ч иргэдийн хурлын төлөөлөгчид нь хэн байдаг вэ гэхээр дахиад л улс төрийн намын гишүүдээс нэр дэвшиж байдаг. Монголд засаг захиргааны удирдлагын ямар нэгэн байдлаар улс төрийн намтай холбоотой эсвэл улс төрийн үйл ажиллагаа хийдэг хүмүүс гарч ирэх боломж нь илүү байдаг. Тэгэхээр улс төрийн нөлөөгүй байх боломжгүй.

 

"Орон нутгийн сонгууль намын сонгууль болоод байна" гэж хүмүүс ярьдаг. Энэ тал дээрх таны бодол?

 

Засаг захиргааны анхан шатны нэгжүүд улс төрийн намаас ангид ИТХ-ыг бүрдүүлдэг болох хэрэгтэй гэж судлаачид ярьдаг. Гэхдээ энэ нь бодит амьдрал дээр Монголд хэрэгждэггүй.  Улс төрийн намынхан орон нутгийн сонгуульд идэвхтэй нөлөөлдөг гэдэг ч, иргэд өөрсдөө идэвхгүй байна. Яагаад идэвхгүй байдаг вэ гэхээр сонгуульд ач холбогдол өгдөггүй. "Хэн нь хэн бэ?" гэдгийг сонирхдоггүй. Жирийн иргэд нь ИТХ-д оролцъё гэдэг хүсэл сонирхолгүй байдаг. Иргэдийн оролцооны оронд улс төрийн намын гишүүнчлэлтэй, өөрийн гэсэн үүргүүдтэй намын хүмүүст боломж нь олддог. Энэ тогтолцоо 30 жил үргэлжилж байна. Орон нутгийн хүмүүс нь ч өөрсдөө намаас нэр дэвшдэг гээд хүлээн зөвшөөрчихсөн. Анхан шатны хурлаар өөрсдөд хэрэгтэй тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцээд дээшээ уламжилдаг. Уг асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд  улс төрийн намд саналаа өгөх нь ач холбогдолтой. Тухайн тойргоос гарсан нэр дэвшигч, засаг дарга эсвэл ажилчид нь нэг намынх байвал асуудал илүү хурдан шийдэгдчихдэг. Орон нутгийн засаг захиргаа нь улс төржих гэдэг асуудал руу хүчээр ордог. Мөн орон нутагт захиран зарцуулах хөрөнгийн болон өмчийн асуудал гэж бий.  Эдгээр зүйлс  төвөөс шийддэг. Орон нутгийн удирдлага өөрсдөө шийдэж татвар тавих нь хэцүү. Бас өмчөө өөрөө захиран зарцуулах боломжгүй. Төвөөс бүх зүйл нь хараат байдаг. Яалтчгүй улс төрийн намаар л бүх асуудлаа шийдүүлдэг. Үнэндээ бол яг тэр захиргааны нэгжид амьдардаг, эсвэл амьдардаггүй хүн нэр дэвших боломжтойгоор шийдэж өгч болно. Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад танай дүүргийг ингэж хөгжүүлж чадна гэдгээ амлаад гараад ирдэг. Гэвч манайд ийм тогтолцоо нь сул. "Нэгэнт л ялсан нам байгаа учраас доош хөлөө ч гэсэн тухайн нам шийдээд өгчихнө" гэсэн бодолтойгоор сонгодог. Нэгэнт ийм системийн гажуудал байгааг засахын тулд иргэдийн оролцоо чухал. Манайд иргэдэд үндсэн хуулиар оролцох эрхийг, үүргийг нь тунхаглаад заачихсан байдаг. Тэрийгээ эдэлж мэдэхгүй, ойлгож чадахгүй бол гажуудал засагдахгүй. Ер нь бол "бидний эдгээр зүйл болохгүй байна", "биднийг төлөөлөөд асуудлыг шийдэх хүн байна уу" гэж нэхэж чадахгүй байгаа хүмүүс шүү дээ.

 

Орон нутгийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгч ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх вэ?

Засаг дарга нарын хувьд мөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ийм төлөвлөгөөгөөр, тийм ажил хийнэ гэсэн төлөвлөгөөг нь иргэдийн хурал баталж өгдөг. Хэрвээ таалагдахгүй зүйл байвал батлахгүй гэдэг. Иргэдийн хурал нь засаг даргын институцаас гаргасан тухайн жилийн төлөвлөгөөний төсвийг баталж, үйл ажилгаанд хяналт тавьдаг. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хэрхэн захиран зарцуулах вэ гэдгийг батлан хянана.

 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ?

УИХ-ын сонгууль орон нутгийн сонгууль зөрж байгаа тохиолдолд сөрөг хүчин авах магадлал өндөр байдаг. Харин хамтдаа явагдсан тохиолдолд тухайн ялсан нэг нам авах магадлал өндөр. Гэхдээ энэ жил МАН гарч ирэх магадлал өндөр байна. Өөрөөр хэлвэл тоглоомын дүрэм өөр болж байгаа юм л даа. Энэ мэтчилэн томилгооны асуудалд нутгийн өөрөө удирдах ёс байх ёстой гэдэг мөртлөө манайд байдаггүй.

 

The Spotlight

нийтлэлч