Ч.Идэрболд: Өглөө бол өөрийгөө дараагийн шатанд аваачих, шилдэг хувилбар луугаа ойртох боломж

 

Энэ удаагийн дугаартаа “Тархи цэнэглэгч номын клуб”-ийг үүсгэн байгуулж залуусыг мэдлэгжүүлж, нийгэмд эерэг энерги түгээж яваа Ч.Идэрболдтой ярилцлаа. Тэрээр номыг хэрхэн үр дүнтэй унших, өглөөний цагийг бүтээлчээр ашиглах тухай сонирхолтой зөвлөгөөнүүдийг хуваалцлаа.

 

Өдрийн мэнд. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. “Тархи цэнэглэгч номын клуб”-ийн тэргүүний хувьд номтой уулзалт, мөн уншсан номоо бусадтай ярилцах нь ямар үр дүнтэй талаар бидэнтэй хуваалцаач?

 

Тархи цэнэглэгч номын клуб анх 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 178,000 гаруй хүмүүсийг сошиал орчинд нэгтгэж, номын хэлэлцүүлэг бүхий уулзалтаараа 6000 гаруй залууст хүрч ажиллажээ. Манай зохион байгуулдаг уулзалт  хүрэлцэн ирсэн гишүүдэд аливаа зүйлийг олон талаас нь харах, шинэ найз нөхөдтэй болох, мэдлэг мэдээллээ солилцох гээд олон боломжуудыг бий болгож өгдөг гэдгээрээ давуу талтай юм. Өөрийн уншсан номоо уулзалтад ирсэн 100 хүний харах өнцгөөр дахин харж, тухайн номтойгоо шинээр танилцана гэдэг гайхалтай хэрэг. Мөн номоор дамжуулан танилцсан нөхөрлөлийн түүх урт удаан бөгөөд үнэ цэнэтэйгээр үргэлжилдэг. Манай уулзалтад ирээд амьдралынхаа туршид найзлах найзаа олсон залуус их олон байдаг.

 

Та ном унших хурд болон унших номын тооны тухайд ямар бодолтой байдаг вэ? Зарим хүмүүс олон ном унших зорилготой байхад зарим нь нэг номоо илүү детальчилж уншдаг шүү дээ..

 

Тухайн номыг ямар зорилгоор уншиж байгаагаас  их зүйл шалтгаалдаг. Бид ихэнх тохиолдолд суралцах гэж уншдаг. Шинэ зүйл сурах зорилготойгоор уншиж байгаа бол хурдан уншиж дуусгах гэж яараад хэрэггүй. Харин тухайн ном дээр гарч буй жишээ, тайлбар, даалгавруудыг биечлэн гүйцэтгэж, туршиж үзэх нь илүү үр дүнтэй.Илүү үр дүнтэй уншихын тулд уншиж буй ном дээр эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлж болно шүү дээ. Тэмдэглэл хөтөлж сурах нь уншигч эрхэмд өөрийгөө зөв цэгцтэй илэрхийлэх болон бичих ур чадвартай болоход тусалдаг. Хувь хүний хөгжлийн нэг тулгуур нь өөрийгөө илэрхийлэх чадвар юм шүү.

 

Хувь хүний хөгжилдөө анхаарч байгаа хүмүүс хэрхэн номоо сонгох вэ?

 

Тухайн уншигч өөрийн ямар чадвараа хөгжүүлэх гэж байгаа вэ гэдэг хамгийн чухал. Эхлээд өөрийн хүрэхийг хүсч байгаа тэр оргилоо тодорхойлох хэрэгтэй.  Дараа нь өөрт яг одоо байгаа ур чадваруудаа жагсаад бичнэ. Үүний дараа сүүлийн алхам буюу ирээдүй хүрэх гэж байгаа тэр оргилд гарахад туслах “Ур чадвар”-уудыг жагсааж бичээд тухайн жагсаалд байгаа ур чадваруудыг хөгжүүлэх тийм л номыг хайж олох хэрэгтэй. Хэрвээ ингэж өөрөө өөрийгөө судалж чадвал ном сонгох тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Номоо зөв сонгочихсон бол одоо уншиж хэрэгжүүлэх л үлдлээ шүү дээ.. Уншихдаа өөртөө тухтай хэн ч саад болохооргүй тийм л цаг, тийм л орчинг өөртөө бүрдүүлээрэй. Миний хувьд өглөөний 5-7 цагийг ном унших, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг.

 

Их сонирхолтой санаа байна. Та яагаад өглөөний цагийг илүү үр дүнтэй гэж үзэж байна?

 

Хүн бүрд амьдралын тойргоос, асуудлуудаас түр холдож амсхийх цаг болоод орчин хэрэгтэй. Миний хувьд өглөөг сонгосон. Учир нь хэнд ч саад болохгүй, хэн ч саад болохгүй зөвхөн өөрөө өөртэйгөө ажиллах боломжит зөв цаг гэж боддог. Өглөө бол өөрийгөө дараагийн шатанд аваачих, шилдэг хувилбар луугаа  илүү ойртох боломж юм. Мөн манай номын клубийн зүгээс өглөөний уулзалтуудыг зохион байгуулдаг. Өөрийгөө хөгжүүлэхээр хичээж буй залуустай уулзаж танилцаж хүрээллээ тэлэх нь чамайг илүү хурдан урагшлуулна. Тиймээс энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүсийг манай уулзалтуудад хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Таны хувьд Улаанбаатар хотын хамгийн гоё номын сан, анхаарлаа төвлөрүүлэн суух боломжтой кофе шоп юу вэ?

 

Одоо ч ажил гээд номын санд суух боломжгүй болчхож дээ. Уулзалттай хүмүүсээ хүлээх зуураа машиндаа л номоо уншиж байна даа хэхэ. Яг одоо бол миний машин л хамгийн тухтай орчин болчихсон юм шиг санагдаж байна шүү /инээв/. Өмнө нь бол тусгаар тогтнолын ордны 6 давхарт байдаг номын санд суудаг байсан, одоо ажилладаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Кофе шопийн тухайд дуу чимээ багатай газар байвал ном унших, presentation-ээ цэгцлэхэд их зүгээр байдаг. Одоо их олон тухтай кофе шопууд байдаг болчихсон болохоор шууд нэрлэж мэдэхгүй л байна.

 

Та уншигчдад өөрийн зүгээс таван ном санал болгооч?

 

1.     Стиб Жобс - “Бүрэн цадиг”

2.     И Жи Сонг - “Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл”

3.     Ким ү Жин - “Хорвоо дэлхий уужим хийх зүйл их байна”

4.     Наоми Клайн - “Шок номлол”

5.     Стефен Р.Кови - “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал”

 

Ярилцсанд баярлалаа. 

 

П.Мөнгөнсор

Сэтгүүлч