Т.Хонгорзул: Сэтгэлийн хат хатуу ширүүнээс бус хайраас бий болдог

 

“Мэргэжилтний зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаарт Клиник сэтгэл судлаач Т.Хонгорзултай стрессийн талаар ярилцлаа.

 

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Клиник сэтгэл зүйчийн зүгээс стрессийг энгийнээр тайлбарлаж өгнө үү?

 

Сэтгэл зүйн болон бие физиологийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар аюул нүүрлэхэд тэрхүү аюулаас зайлах, зугтах, амьд гарахын тулд үзүүлж буй сэтгэцийн хариу үйлдэл юм. Тухайлбал би зам хөндлөн гарч байна гэж бодъё. Хэрэв машин ирж байвал түр зогсоод хүлээж байгаа нь өөрийгөө аюулаас аварч байна гэсэн үг. Үүнтэй адил сэтгэл зүйн хувьд аюултай, хэцүү нөхцөл байдал үүсэхэд бид түүнээс зугтаж,  өөрийгөө хамгаалах механизмийг  бий болгодог. Стресс нь дотроо дөрвөн төрөл бөгөөд энгийн хэлбэр нь өдөр тутмын таагүй явдлаас үүсэж тодорхой хугацааны дараа хэвийн байдалдаа ордог. Хоёр дахь хэлбэрийн буюу архаг стресс нь бидний бие махбодь болон сэтгэлийн хүчийг ихээр бардаг. Өдөр тутмын стресс тайлагдахгүй явсаар архагшиж, дараагийн шатандаа шилждэг. Дараагийнх  нь осол гэмтлээс үүдсэн стресс болно. Харин өөр нэг хэлбэр нь гамшиг, аюултай нөхцөл байдлаас үүсдэг. 

 

Стресст өртсөнөө хэрхэн мэдэх вэ? 

 

Зүрх дэлсэх , гар хөлрөх,  цухалдах  шинж тэмдгүүд илэрч болно. Таньд айдас болон сандрал  байвал стресст өртөж байна гэсэн дохио. Мөнгө санхүү, эрүүл мэнд гэх мэт асуудлаас аль нь илүү стресстүүлж байгааг олж мэдэх нь чухал. Тухайлбал  хүн бүр коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн ирээдүйдээ санаа зовниж, түүнээсээ стресстэж байна. Тэгэхээр ямар төрлийн хүчин зүйлс өөрийг тань стресстүүлж буйг танин мэдэх хэрэгтэй.

 

Хэрхэн стрессээ хянаж, өөрийгөө тайван байлгах вэ?

 

Хүн бүр өөр өөрийн онцлогтой учраас тохирох арга нь ч мөн ижил байдаггүй. 

Нэгдүгээрт, хүн унтахаасаа өмнө өдрийн үйл явдлаа эргэцүүлэн, бясалгах цагийг өөртөө гаргах хэрэгтэй. Өнөөдрийн сэтгэл санаа ямар байв, ямар үйл явдал болов, үүнтэй холбоотой  миний сэтгэл санаа баяр болон гунигийн алийг нь мэдэрч байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Төрж буй мэдрэмжээ тухай бүрд нь илэрхийлэх нь чухал. Өөрийгөө анзаарахгүй явсаар стресс асар ихээр хуримтлагддаг. 

Хоёрдугаарт, тархиа амрааж байх хэрэгтэй. Өдөрт дор хаяж найман цаг унтаж бүтэн нойроо авч сураарай.

Гуравдугаарт, хооллолтондоо дээд зэргээр анхаарч нүүрс ус ихээр агуулсан хүнснээс аль болох татгалзах нь зүйтэй. Нүүрс ус ихээр агуулсан хүнс нь донтуулж,  сэтгэл санаагаар унагах талтай. Тиймээс аль болох ногоон өнгийн хүнсний ногоо, жимс хэрэглэхийг эрмэлзэх хэрэгтэй. 

Дөрөвдүгээрт,  өдөрт багадаа 15-20 минут дасгал хөдөлгөөн хийх нь бидний бие, сэтгэл санааг тайвшруулахаас гадна сайн унтаж амрах нөхцлийг бий болгодог.

 

Стресс хүндэрч сэтгэл гутрал болохоос хэрхэн сэргийлэх вэ? Ялгаа нь юу вэ?

 

Стрессийг тайлахгүй хуримтлуулан, цааш хүндрэвэл сэтгэл гутрах эмгэг болох аюултай. Дараах  шинж тэмдэг хоёр долоо хоногоос илүү үргэлжилсэн бол ямар нэг байдлаар сэтгэл гутралд өртсөн байх боломжтой. Тиймээс сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.

 

- Нойргүйдэх

- Өмнө нь хийх дуртай байсан зүйлдээ дургүй болох

- Хүмүүстэй уулзах хүсэлгүй болох/ Олон нийтээс зайлсхийх/

- Хоолны дуршил багасах эсвэл гэнэт ихсэх

- Амьдрах хүсэлгүй болох, магадгүй амиа хорлох сэдэл төрөх шинж тэмдгүүд илэрдэг.

Сэтгэл гутрал нь эдгэрдэг өвчин учраас цаг хугацаа алдахгүй эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс аяндаа зүгээр болно гээд хаячихдаг. Эсвэл бясалгалд явж, шашны зан үйлд оролцох зэргээр сэтгэл санаагаа засах гэж оролддог. Буруу арга хэрэглэвэл улам архагшиж байдаг. 


Сэтгэл зовнил, сэтгэлийн дарамт нь ялгаатай ойлголт уу?

 

Айдас, түгшүүр хоёр нь угтаа өөр ойлголт юм. Сэтгэлийн дарамт буюу айдас хүнд ямар нэгэн бодит аюул тулгарахад тохиолддог. Харин  түгшүүр нь ийм зүйл болох вий гэсэн болгоомжлол юм. Энэ тохиолдолд бодитой аюул бий болоогүй ч хүний бие сэтгэл хямарч, учирч болзошгүй аюулаас айж сандарч эхэлдэг. 

 

Стресс эцэг эхээс хүүхдэд удамшдаг уу, эсвэл өөрийн дадлаас бий болох уу?

 

Удамшил тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч гэр бүлийн харилцаа ихээхэн нөлөө үзүүлдэг. Хүний амьдралын хэцүү цаг мөчид хэрэг болдог сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл аль багад эцэс эхээс авсан эрүүл, зөв дотно харилцаанаас үүсдэг. Харин хүмүүс эсэргээрээ хатуу ширүүн уур амьсгалд өсөж, амьдралд нухлуулж байж сэтгэлийн хаттай болно гэж эндүүрдэг. Хайр нь дотроо хал нь гаднаа хэмээн хандаж,  хатуу ширүүн харьцсанаар хүүхэд өөрийгөө хайрлагдаагүй юм шигээр мэдэрч, итгэл муутай болдог. Халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхдэд сэтгэлийн хат сайн сууж, өөдрөг болдог.

 

Томчуудаас илүү хүүхдүүд стресст хүчтэй өртдөг гэдэг нь үнэн үү?

 

Үнэн. Ялангуяа 0-1 насны нярай хүүхдүүд юунд зовниж, юунд бухимдаж байгаагаа илэрхийлж чадахгүй, уйлаад байдаг. Энэ үед хүүхэд өөрийн хэрэгцээтэй зүйлсээ хангаж чадахгүй байх нөхцөлд орж стресстдэг. Түүнээсээ  болоод стресс үүсгэгч даавар тархинд нь их хэмжээгээр хуримтлагддаг. Энэ нь удаан хугацаанд ялгарснаар хүүхдийн биеийг өвчинд өртөмтгий болгодог. Үүнд янз бүрийн үрэвсэл болон зүрхний өвчнүүд багтана. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн тайтгаруулж байх хэрэгтэй.

 

Хоёр настны хямрал, өсвөр насны хямрал, идэр насны хямрал гээд олон янзын үзэгдэл  байдаг. Ер нь хүний нас стресстэй хамааралтай юу?

 

Нас насанд гарч буй өөрчлөлтөөс болж хүн хямарч болно.  Хамгийн гол нь хэрэгцээ шаардлага хангагдахгүй байх нь стресст өртөх шалтгаан болдог.  Хоёр настай хүүхдийн хувьд бие даасан байх гэж хичээдэг ч тэр хэрэгцээгээ өөрөө хангаж чадахгүй эцэг эхийн бүрэн хараанд байдаг учраас хямардаг. Өсвөр насанд бол өөрийгөө олж чадахгүй байх гэх мэт тулгамдсан асуудлууд байдаг.

 

Хотжилтын сөрөг үр дагавар бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

 

Машин барихаас  эхлээд маш их стресс үүсдэг.  Хэрэв дугуйн зам хүрэлцээтэй бол энэ байдал байхгүй болно. Мөн чимээ шуугиан их байх, агаар салхи дутагдах нь стресс үүсгэхэд нөлөөлдөг. Биднийг аз жаргалтай болгодог серотонин гэх даавар бий. Тэр нь нарны туяа их  байх үед ялгарч байдаг. Агаар салхинд гарч, чимээ шуугианаас холдон байгалийн сайханд байх нь хүнд тайвшрал өгдөг. 

 

Ярилцсанд баярлалаа.

 

 

М.Саранцэцэг

Сэтгүүлч