Хөвч тайгын гүн дэх Хагийн хар нуур

 

 /Аяллын тэмдэглэл/


1.

...Үзэхсэн, очихсон, нэг явахсан гэж олон удаа бодсон. Бодсон хэрнээ л болохгүй яваад байлаа. Явсан, үзсэн, харсан хүмүүсийн зураг хөрөг л өнөөдрийг хүртэл бишгүй их үзсэн байна. Энэ бодол зун болохоор л сэдэрч, намар нь үг дуугүй мартагдаад өгдөг байв. Харин одоо биеллээ олох тун дөхсөөр. Харж тайтгарах Хагийн хар нуураа зорьж явна аа. Дөнгөж сая алдарт Бэрхийн даваа өгслөө. Хөхөө үе үе донгодох хөвч тайгын хангайн гүнд нь иржээ, бид.

Унаа морьд урагш зүтгэнэ. Зам харгуй өмнө зурайх. Шавартай, намаг балчигтай, хүлгийн тэнхээ сорих өндөр, өндөр уулс өмнө дүүхэлзэнэ. Хөхөмдөг ногоон хөндий тэр дор үлджээ. Даваа өөд мацах морьд торох юмгүй орой дээр нь гараад ирэв ээ. Энд түр амсхийгээд цааш хөдлөх юм байна. Хайрхан гэж аргадсаар уулсын зулайд хөл тавилаа. Овоо тойрлоо. Орчлонгийн дээвэр болсон өндөр хайрхан байна. Уул, усны нэрийг дэргэд нь битгий хэлж бай гэж эмээ сургасан. Тэр л ёсыг бодсоор даваагаа уруудлаа.


Жимээр ус жирэлзэн урсана. Уулын ам, салаа, судаг, жалга болгон харгисан их устай. Тэр болгон нь нийлж аваад Туулаа тэтгэдэг юм байна. Хангай гэж ийм л нөмөр нөөлөгтэй, амьтай бүхнийг тэжээх. Зарим газар нь гүн шавар, намаг дунд унаа морь зоогдох нь холгүй болж, цүл пал хийсээр замаа эвхэнэ. Их үдийн нар дээрээс төөнөж, холын холд бороо цайрна. Тэнд хадсан тэнгэрийн дуу энд яваа бидэнд сүртэй нь аргагүй сонсогдоно. Унаа морь цочин сэрвэлзэнэ. Бороо гэнэт их асгавал норох байх даа гэж бодно. Морины явдал дунд юу эс бодох билээ. Зөвдөх, алдах өөрийн замаа эргэж нэг харна, эргэцүүлж тунгаана.

 

 

 


"Тайгын хар сувд" гэж зүгээр ч нэг хэлээгүй байх аа. Ийм цол гуншин хожим "хүртсэн" Хагийн хар нуур үзэх морин аяллын багийнхан наймуулаа. Билэгшээлтэй тоо байгаа биз. Орон хотоос туулай цаг /5.40-7.40/-т хөдөлсөн тулдаа л манайхан нарны эртэд малчин айлдаа хүрч, унаа морьтой залгасан хэрэг. Аяллын турш нэг талдаа 200 орчим км туулна. Үүний 150 гаруй нь машинд өнгөрсөн. Үлдсэн 50 хүрэхгүй нь морин дэл дээр...

 

Морины нуруун дээр гараагүй бараг л жил шахам болжээ. Хан Хэнтий сунайсан аварга нуруу том, жижиг нууруудтай. Түүний нэг нь Хагийн хар нуур. Нуур байгаа хэсэг нь Бага Хэнтийн нуруу бөгөөд Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөөгийн нутгийг хамардаг юм байна. Хоёр аймгийн хэд хэдэн сум сүлжин дамнасан гэхээр Бага Хэнтий явж барагдахгүй том нуруу гэдэг нь эндээс андашгүй. Давааны бэлд ороод ирсэн улс ширүүхэн хатируулсаар Туулын хөвөөнд ирж, хөнгөн цайлаад цааш мордлоо. Дахиад л даваа хүлээж байгаа. Амьдралын зам бас л даваа, гүвээ, нугачаатай. Зам харгуй цаашаа балчиг намаг улам ихтэйг хөтөч маань дахин санууллаа. Голын цаадах хөвөө хэсэг л цагаахан гэсэн нь давхиж болох юм гэсэн санаа бололтой. Туулаа гаталлаа. Урсгал нь хүчтэй гэж. Оволзож байна лээ. "Шаазгай алаг" хөндөлсөж явсаар байгаад эрэг дээр нь гараад ирэв. Унаж яваа мориндоо ийм нэр өгсөн юм. Оносон эсэхийг нь мэдэхгүй.

 


Эмээлийн дөрөө давсан их ус бас л эвгүй санагдсаныг нуух юу билээ. Олон хоногийн бороо ороо голыг эрчилсэн байна. Энэ гармаар нааш цааш олон удаа гаталсан Э.Түмэнбаяр өмнө нь морины хондлой давж байсаар гэхээр энэ удаагийнх бас л гайгүй байж шүү. "Шаазгай алаг" хазаар дарна. Газрын цагаанд жаахан тавиад өглөө. Давхиж л байдаг буян юм.

 

 

 


Гүн Тайгын Хагийн хар нуур хүрэхэд аялагчид зам зуур нэг хонож байж очдог юм байна. Харин өглөө эрт гарсан даа эрдээд өдөртөө шуугиулахаар шийдлээ. Хагас өдрийн морины явдалд манайхан дунд зутарсан шинж ер алга. Тиймээс зориг шулуудав. Намаг балчиг, шавар, ус хэлээд баршгүй. Бороошихыг завдан салж нийлэн хуйрнах үүлс дээр бараантана.

 

Сонгууль, хөл хорио, ахуйн зовлон, аар саар ажил аль аль нь одоо энд сонин биш болжээ. Энэ болгоныг бодох бус уулсын орой харж явна. Бодол болж явна. Эрх чөлөө л энд байна. Уучлах, ухаарах, хайрлах, санагалзах, энэрэх, харуусах, үгүйлэх, мартах урт зам үргэлжилнэ. Зөөлөн бороо шиврэн дусагнаж нэг үзэх. Тэгснээ нар үүлэн цоорхойг нэвтлэн гийх.

 

Өндөр Гэгээн Занабазарын гуниг дүүрэн сэтгэлээр туулсан Хөлөрийн даваа өмнө хөндөлсөнө. Давж байж л дагшин нутагт хүрнэ дээ. Галданд хөөгдөж, ганцаардаж явсан түүний морин туурайн мөр энэ газар үлдсэн гэхээр өр өвдөх шиг... Их түүхийн тоос, их хүний гансрал, эв эвдэрсэн эртний их Монголын цус, нулимстай тэмцлийн гэрч энэ газар орон болжээ. Мянган он улирсан ч тийм л байна. Хагийн хар нуураас холгүйхэн түүний байгуулсан хийдийн туурь бий. Галдан газрын хөрстэй нь хийдийг тэгшилсэн гэдэг. Их л өс байж. Хийдийн Сарьдаг гэж нутгийнхан нь одоо тэр хавийг нэрлээд заншжээ. Хөлөрийн даваа холоос их зүтгүү юм аа. Яваад л байлаа. Энэ давааны цаана өнөө л хүслэнт Хагийн хар нуур том дүрлэгэр хар нүднээс бөнжигнөж, бөнжигнөж унасан нулимс шиг бидэртэн байгаа. Хүнхэр уул, Асгатын сарьдаг хар нуураа эмжин буй. Харийн хүн ядарч, ядарч ирээд хоргодож буцдаг, хожим нь дахин зорьж ирдэг хөвч тайгын гүн хар ус бол Хагийн хар нуур юм.

 

2.

Хөлөрийн даваан дээрээс Хагийн хар нуур нарны гэрэл йлгон гялбалзана. Барааг нь харсан хүн, адуу хоёр аль аль нь тэр зүг яарна. Тэнд хүрч байж л өнөөдрийн хэрэг бүтэх. Энэ аяллын утга учир тодрох. Зорьж гарсан хүн, зүтгэж ирсэн адууны хүслэн болсон хангай байна. Нуурын мандал толь мэт орчныг өөртөө уусгана. Уулс, үүлс, тэр мандал дээр зэрэг ойчжээ. Тогтуун орой болж байна. Нар жаргахаас өмнө хүрээд ирлээ, бид.

 

 

 

 

Ачааны морьд нуурын элсэн дээр хөрвөөж, биеийн чилээгээ гаргана. Тэнд хээрийн цай даргилан буцалж, манайхан цайгаа уу гэж модны захаас хөтөч дуудна. Цангасан адуу шиг нуурын эрэг бараадсан бид хэд сая л утаа тавих тэр зүг рүү эргэлээ.

 

Манай улсад дотоодын аялал жуулчлал сүүлийн хэдэн жил илт сэргэж, аяллын тодорхой төрлүүд хөгжиж, дотроо улам нарийн төрөлжих болсон. Түүний нэг нь морин аялал. Тусгай сонирхлын аяллын төрөлд энэхүү аялал багтдаг. Морь унана гэхээр л манайхан халгах гээд байдаг юм. Халгаж, дөлж явсаар олон, олон боломжоос үлдчихдэг. "Монгол хүн байна даа..." морины нуруун дээр гарах л хэрэгтэй.

 

Хагийн нар нуур үзэх морин аялал долоо хоног болгоны баасан гарагт болж байна. Гурван өдөр, хоёр шөнийн аялалд залуус хамгийн их хамрагддаг гэж Э.Түмэнбаяр хэллээ. Түүний хувьд аялал жуулчлалын салбарт чамгүй олон жил ажиллажээ. Тэр тусмаа тусгай сонирхлын морин аяллаар илүү дагнасан нөхөр байна.

 

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон учраас "үл үзэгдэх экспорт" гэж тодотгодог аялал жуулчлалын бизнес энэ жил хамгийн их хохирол амсаж буй. Олон зуун захиалга буцсан, ирэх ч боломжгүй болсон. Гадаадад гацсан иргэдээ манай улс татан авч чадахгүй байгаа гэхээр юун гаднаас жуулчин хүлээж авах талаар бодох, санах сэхээтэй байх билээ. 2020 оны хувьд дэлхий даяар аялал жуулчлал агшиж, тус салбарт ажиллаж байсан мянга мянган хувийн хэвшил ажилгүй, орлогогүй зогссон.

 

Өнөө жил аялал жуулчлалын салбарыг аврах ганц найдвар нь дотоодын аялагчид. Хагийн хар нуур үзэх морин аялалд нэгдсэн маань зол болжээ. Нуураа хараад санаа сэтгэл хөнгөрөх шиг, нэг л тайван, амгалан. Зөв газраа олж ирсэн болохоор тэр байх аа. Хөвчийн гүнд ийм гүн хар нуур байдаг гэж сонсож байснаас үзэж байсангүй. Харин одоо хаяа эрэг дээр нь эрх чөлөө энд л байгааг мэдэрч явна. Хүний сэтгэл амрах, хүлгийн зоо тэнийх диваажин гэлтэй.

 

Түүдэг галын дэргэд дүнгэр дүнгэр бид ярьж сууна. Өглөө нь зүс үл мэдэх хүмүүс тал талаасаа уулзсан. Нэг л бишүүрэх шинжтэй байсан. Харин өдрийн турш мориор явсан болохоор нүүр овоо хагарчээ. Гэхдээ л зүсээс цаашгүй. Нуурын эрэг дээр ирсэн хойно л сая албан ёсоор танилцах "үдэшлэг" эхэлж, уулзах ёстой хүмүүс урт яриа дэлгэнэ. Уул усаа биширч ярина. Ярихаас аргагүй хангай байна. Хүлгийн туурайн мөр гарч л байвал бүрэн үлдэх ертөнц байна. Ийм эх орондоо хэнэггүй битгий хандаарай.

 

Нар жаргаж, сар мандсан тэнгэр дор "Дэргэдээс нь хараад үзвэл..." гэж Цаатан ардын "Самгалдай" дууг олуулаа дууллаа. Маргааш нуурынхаа эрэгт өнжинө гэж бодохоор л сэтгэл дүүрнэ. Буцах хүртэл хоёр шөнө, нэг өдөр бүтэн байна. Хагийн хар нуураа мориор тойрохоос гадна намаг балчиг гайгүй байвал Сарьдагийн Хийд явахаар ярилаа.

 

Сарьдагийн хийд нь Арцат Сарьдагийн өвөрт бий. Бараа нь харагдах боловч баахан явах бололтой юм аа. Өндөр Гэгээн Занабазарын Номын хүрээ энд төвхнөж байж. Түүний байгуулсан хийдийн гурван модон дуган их хожуу "хэлмэгджээ". Туурийн баруун талд нь Хийдийн нуур хэмээх тунгалаг устай жижиг нуур бас бий гэнэ. Хийдийн нуураас Хийдийн гол эх авч Туул голд цутгадаг юм байна. Өдгөө зургаан дуганы туурь өвсөн дотроос тод мэдрэгдэхээр ул мөр нь үлдсэн хэмээн Түмээ нэмж хэллээ.

 

Хараад л суумаар Хагийн хар нуурын эрэг хөвөөнд нь нэгэн цагт Халхын заяаг хэлэлцэж байсныг Сарьдагийн хийд, хийдийн туурь өгүүлэх шиг. Хөвч тайгын гүн дэх Хагийн хар нуур гэж хавар нь шувуу шиг ирээд намар нь буцмаар тийм л газар орон аж.

 

2020.06.30

 

 

 

 

 

 

Б.Баяртогтох

Эдийн засаг,уул уурхай албаны дарга