Ашиг сонирхлоо тэнцүүлж чадахгүй бол Тавантолгой дахиад л бүдэрнэ

 

“Тавантолгой” төслийг Шинэ Засгийн газар үргэлжлүүлэх үү. Энэ асуулт дахиад л босоод ирлээ. Ярьж байж л эрх баригчид хөмөрч орхисон эдийн засгаа хүндрэлээс өөрсдөө гаргах хүч тэнхээг эндээс сэлбэнэ. Хямарсан эдийн засаг, хөшсөн бизнес сэргэх эсэхийг том, том төслүүд л шийдэж ирсэн. 2010 оноос хойш зүтгүүлсэн “Тавантолгой” төслийг түшиглэн олон улсын зах зээлд IPO хийх ажил өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээс ер хэтрээгүй. Хэтрэх гэхээр “хяргачих” гээд байлаа. Сайнаар харвал бараг гаргахын даваан дээр COVID-19 цар тахал дэлхий нийтийг сандрааж, УИХын сонгууль угтсан сөрөг PR төслийн багийнхныг тэвдүүлсэн. Эцэст нь, “Тавантолгой” ахиад л цаасан дээр үлдэж, тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Үүнийг ирэх дөрвөн жилийн хугацаанд УИХ-д 62 суудал эзэлсэн МАН-ын Засгийн газар хөдөлгөж дөнгөх болов уу. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гээд орхих уу. Сонгуулиас сонгуулийн хооронд мега төслүүд үрэгдэж, алдагдсан боломжийн тоо нэмэгдсээр. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд, томоохон хөрөнгө оруулалтын сангууд улстөрчдийн тоглоом болж дуусаж буй “Тавантолгой” төслийг тоох болов уу. Даржинтай төслийн “хувь заяа” тун бүрхэг байна. Зургаан Ерөнхий сайдын нүүр үзсэн Тавантолгойн IPO энэ хавар бэлтгэл ажлынхаа явцад зогсонги байдалд шилжиж, өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэсэн олон ажил нь үнэгүйдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүлсэн ажлаа өөрсдөө зогсоосон.

“ТАВАНТОЛГОЙ” АХИАД Л ЦААСАН ДЭЭР ҮЛДЭЖ, ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШИЛСОН БИЛЭЭ. ҮҮНИЙГ ИРЭХ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД УИХ-Д 62 СУУДАЛ ЭЗЭЛСЭН МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХӨДӨЛГӨЖ ДӨНГӨХ БОЛОВ УУ. 

 

Үр дүнг нь харж чадалгүй төслөө шууд л “хаачихсан”. Харин одоо сонгууль дуусаж, эрх мэдлээ хадгалж үлдсэн болохоор  “Тавантолгой” төслийг дэлхийн санхүүгийн зах зээлд дахин сойх уу. Сойлоо гэхэд хэр хурдлах вэ. С.Баярын Засгийн газар Тавантолгойн ордын лицензийг хувийн хэвшилтэй хэлэлцэн 2008 онд төрийн мэдлийнх болгож, олон улсын тендер зарлаж байв. Харин С.Батболдын танхим “Тавантолгой” төслийг цогцоор нь хөдөлгөх стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендерийг дахин зарлаж байлаа. Гэвч геополитикийн эрсдэлд унахаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүйгээс болж уг төсөл “шороодсон”. Н.Алтанхуягийн Засгийн газар “Тавантолгой” төслийг хөдөлгөх гээд бараагүй. Нүүрсний зах зээл ч ивээсэнгүй. Түүний суудлыг залгасан Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээрх төслийг үргэлжлүүлэх гээд дотоод улс төрийн зөрчлөө дийлээгүй.  

 

СОНГУУЛИАС СОНГУУЛИЙН ХООРОНД МЕГА ТӨСЛҮҮД ҮРЭГДЭЖ, АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ТОО НЭМЭГДСЭЭР

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны тендерт шалгарсан хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьсан ч үр дүн хүрч чадалгүй огцорсон билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар л одоо “Тавантолгой” төслийг дэлхийн төсөл болгох байх гэтэл өөрсдөө “бууж өгсөн”. Өмнөх таван Ерөнхий сайдтай харьцуулахад У.Хүрэлсүхэд илүү их боломж олдсон боловч тэр “Тавантолгой” төслийг замын дундаас буцаасан билээ. Уяач болгон төрийн наадмын түрүү авахыг хүсдэг. Үүнтэй адил Ерөнхий сайд болгон Тавантолгойн IPO-г хийх гэж зорьдог. Гэвч зургаан Ерөнхий сайд “ногт” ганзагалаад буцжээ. “Ашиг сонирхлоо эрх баригчид тэнцүүлж чадахгүй бол “Тавантолгой” төсөл дахиад л бүдэрсээр байх нь. “Эрдэнэс Тавантолгой” хоёр жил дараалан ашигтай ажилласан, зах зээлд нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа, төмөр замын төслүүд шороон далангаасаа дэр модтой залгасан, дээрээ төмөр замтай болох гэж байгаа энэ үед IPO хийх амбицаа Засгийн газар орхисон. Зориг, зүрх алдсан гэж ойлгож болох юм. Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байсан зургаан тусгай зөвшөөрлийн нэгийг “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанид шилжүүлж, тус компанийн нийт хувьцааны 30 хүртэлх хувийг гаднын хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлд гаргах, улмаар төрийн өмч давамгайлсан компани Монголоос анх удаа IPO хийх байсан. 

Б.Баяртогтох

Эдийн засаг,уул уурхай албаны дарга