Байгальд ээлгүй аялагчид

 

Цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлал таг зогсчихлоо. Аяллын компаниуд эдийн засгийн хүнд байдалд ороод байна. Иймд дотоодын аялал жуулчлалыг дэмжих 149 дүгээр тогтоолыг Засгийн газраас баталсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 500 гаруй мянган хүн дотоодод аялна гэсэн тооцоолол гаргажээ. Гэхдээ орныхоо үзэсгэлэнт газраар явж, байгалийн сайхныг тольдох зуураа ухар мөчид хэрэг тарьдаг бүдүүлэг араншинтай хүмүүс бол монголчууд. Бууж үдэлсэн газраа хэдэн овоо хог тарьж орхино.

 

Сүүлийн жилүүдэд байгаль орчныг бохирдуулж буй хортой хог хаягдлын тоонд хүүхдийн живх орж байна. Нэг хүүхэд өсөж том болтлоо барагцаагаар 4000 ширхэг живх хэрэглэдэг гэсэн судалгаа ч гарчээ. 

Харин зарим хэсэг нь бусдынхаа тарьсан хогийг цэвэрлэх гэж цаг, заваа гарздаж байна. Саяхан Туул голд гялгар уутанд боомилуулж загас үхсэн тухай мэдээ олныг цочирдууллаа. Хүмүүсийн хаясан хог байгаль орчныг бохирдуулаад зогсохгүй амьтдын эко системд заналхийлж буйн жишээ энэ. Мөн загас, шувуу, туулай зэрэг амьтан тамхины иш идэж хорддог аж. Иймд байгальд аялж, зугаалахдаа хариуцлагатай байж, хаясан хогоо түүж хэвших нь чухал. Ундаа, цэвэр усны сав зэрэг хуванцар хаягдал нь газарт шингэхгүй 400, модонд уясан хадаг 40, гялгар уут 300, хүүхдийн живх 300-500 жил байгаль бохирдуулдгийг мөн дурдъя. Сүүлийн жилүүдэд байгаль орчныг бохирдуулж буй хортой хог хаягдлын тоонд хүүхдийн живх орж байна. Нэг хүүхэд өсөж том болтлоо барагцаагаар 4000 ширхэг живх хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Живхийг булж устгахад байгальд шингэдэггүй бөгөөд шингэнийг гелэн хэлбэр болгож хувиргадаг химийн орцтой байдаг нь хөрсийг бохирдуулдаг аж. Амьдралын хэмнэлээ өөрчилж, эко аялж зугаалахыг Экологийн цагдаагийн албанаас уриалаад байгаа юм. Нэг хүн жилд дунджаар 200 килограмм хог байгальд хаяж орчныг бохирдуулдаг гэсэн судалгааг БОАЖЯ-наас гаргажээ.  Завхан аймгийн Бадархундага нуураас л гэхэд 200 гаруй мөнгөн аяга гарч ирсэн удаа бий. Дархчуудын ярьж буйгаар өнөө цагийн үнэт эдлэл эртний  үеийнхийг гүйцддэггүй учраас мөнгөн аяга гэх нэрнээс цаашгүй аж. Ихэнх нь хөнгөн цагаан төмөр юм. Тэгэхээр ийм төмрийг усанд шидэн бохирдуулж, мухар сүсэглэх зүгээр л мунхаг үйлдэл. Хийморь сэргээдэг гэсэн уул овоо бүрийн орой дээр гарч сүү өргөж өмхий үнэртэй болгодог, элдэв чихэр, боов тэргүүтэн тавьж хог үүсгэдэг байдал ч байгаль хамгаалагчдад багагүй чирэгдэл учруулдаг. Нэгэн жишээ дурдахад Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын цөм бүс болох Бат-Өлзий сумын ойролцоо хүсэл биелүүлдэг цагаан хад гэгч сүрлэг уул бий. Түүний бэлд могойтын рашаан хэмээх уур савсан халуун рашаантай. Өнгө өнгийн цэцэг алагласан ёстой диваажин болсон газар. Гэвч сүүлийн үед энэ хэсэг ихээхэн бохирдсоныг нутгийг иргэд ярьж халаглах болсон.  

ДОТООДДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ 149 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН. БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНААС 500,000 ГАРУЙ ХҮН ДОТООДОД АЯЛНА ГЭСЭН ТООЦОО ГАРГАЖЭЭ.

Уулын орой дээр ургасан сүрлэг том ургаа хадыг бүхэлд нь шар тос, өөхөөр тосолж, арзгар бэржгэр хэсэг бүрд нь хадаг уяж орхисон харагдана билээ. Уг хадны хажуугаар улсын мөнгөн дэвсгэртүүд салхинд гандан хөглөрч хэвтэх нь элбэг. Нутгийн байгаль хамгаалах газар, иргэд нь энэ газрыг хамгаалалтад авч, элдэв өргөл барьцаар нь хог бохирдлыг цэвэрлэчихдэг тийм менежмент нэвтрүүлэх хэрэгтэй бус уу. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж амаараа хэлэх амархан. Харин хэрэгжүүлэх тун ярвигтай гэдгийг салбар байгууллагууд нь мэдэж л суудаг байх. Адаглаад л манай улсад зам дагуу эко жорлон байхгүй гачлан бий. Бас хог хаягдлаа хаях төвлөрсөн цэг байдаггүй. Энэ бүхнийг шийдэх шаардлага тулгарч байна. Аялагчдад хог хаягдлаа хэрхэн ангилах, буцааж авчраад мөнгөөр тушаадаг болгох талаар шинэ менежмент нэвтрүүлэхгүй бол энэ өргөн уудам газар хогийн сав болоод дуусах нь. Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ. 

 

 

ЗГМ: ТОДРУУЛГА

Б.Өсөхбаяр: "Хог хаяхгүй байх энгийн алхам бол хэрэггүй хэрэглээнээс татгалзах юм."  

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Өсөхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

 

Байгальд хог хаяж бохирдуулдаг иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаг уу?

Сүүлийн таван жилд Монгол Улсад хүрээлэн буй орчны эсрэг 1578 гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн судалгаа гаргаад байна. Урин дулаан болж иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой Туул голын орчимд иргэд амрахаас гадна автомашин, хивс, бусад зүйлсийг угааж, ус бохирдуулж байна. Туул голд автомашинаа угаасан 17 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7,15 дугаар зүйлийн найм дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч анхаарууллаа. Мөн дөрөвдүгээр цахилгаан станцын ойролцоо барилгын хог хаягдал аваачиж асгасан зөрчил хэд хэд илэрсэн. Уг нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулдаг болмоор байгаа юм. Нидерланд, Дани, Бельги, Япон, АНУ зэрэг улс барилгын хаягдлын 80-90 хувийг дахин  боловсруулан ашиглаж байна. Манай улсад барилгын хог хаядлыг хаях төвлөрсөн цэг байдаггүй энгийн хатуу хог хаягдалтай цуг Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн нэгдсэн хогийн цэгт ангилалтгүйгээр хаядаг. Энэ төрлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр ч алга. Дахин боловсруулах үйл явц нь дахин ашиглах боломжтой, үнэ хүрэх хог хаягдлыг хогийн цэг дээр тодорхой хүмүүс цуглуулж авдаг хэдий ч баялаг болгож чаддаггүй. Бид барилгын хогоо ашиглах тал дээр анхаарах цаг болсон.

 

Аялж буй иргэд хог хаяж, байгаль орчин бохирдуулдаг. Үүнийг ямар зохион байгуулалтаар хянаж ажиллахаар төлөвлөсөн бэ? Танай албанаас “Хогоороо бүү хорло” гэсэн аян өрнүүлж байгаа юм байна.

Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам нь шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшмээр байна. Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Тэгэхээр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв хэвшил юм. Тэгэхээр хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулна. Манай алба Нийслэлийн аялал жуулчлалын газар, Шинж лэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн хүрээлэн зарим компанитай хамтран хэрэгжүүлж байна. хамтраад “Хогоор бүү хорло” аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд машинаа тамхины үнсний сав байрлуулах, аялсан газартаа хог хаяхгүй байх, хог хаягдлаа уутанд хийж машиндаа тээвэрлэж зориулалтын цэгт аваачиж хаях гээд олон талын зөвлөгөө, мэдээллийг өгч байна. Ер нь бол хувь хүний ухамсрын л асуудал. Хог хаяхгүй байгальд ээлтэйгээр цэвэрхэн аялж болно шүү дээ. Мөн хөдөө орон нутагт тогтоосон зам маршрутыг өөрчлөх, замгүй газраар зам гарган явж хөрсний бохидол, доройтол үүсгэж буй. Үүнийг таслан зогсоож арга хэмжээ авна. 

 

Байгаль орчны хэргийг шийдэхэд хохирогч байхгүй учраас амаргүй байдаг гэж цагдаа нар ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

Байгаль хохирогч нь шүү дээ. Энгийн хэрэг бол гэрч хохирогч, гэмт этгээд гурвыг суулгаж байгаад хялбархан шийдчихдэг. Гэтэл байгаль орчны хор хохиролтой хэргийг шийдэхэд заавал экологи, эдийн засгийн үнэлгээ хийх шаардлагатай байдаг. Нэг хүн Туул голын эрэгт машинаа угаасныг сая төгрөгөөр торголоо гэж бодъё. Гэтэл тус газарт экологи эдийн засгийн үнэлгээ хийхэд дор хаяж 10 сая төгрөгийн зардал гарна шүү дээ. Ийм болохоор л байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдэхэд түвэгтэй байгаа юм.  

 

Б.Гандолгор

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах албаны сэтгүүлч