Цар тахал болж дэгдэх эрсдэлтэй томуугийн вирус Хятадад бүртгэгдлээ

 

Ноттингем их сургуулийн профессор Кин Чоу Чан тэргүүтэй эрдэмтэд 2009 онд дэгдэж байсан гахайн ханиадны вирустэй тун төстэй шинэ төрлийн вирус илрүүлжээ. Энэ вирус нь гахайнаас гаралтай бөгөөд хүнд дамжих магадлалтай аж. Түүнчлэн мутацид орвол хүнээс хүнд халдварлаж, цар тахлын хэмжээнд дэгдэх эрсдэлтэйг онцолсон байна. Шинээр илэрсэн вирусийг судлаачид G4 EA H1N1 хэмээн нэрлэсэн бөгөөд Хятадад гахайн аж ахуйд ажилладаг хэд хэдэн хүн уг вирусээр өвчилснийг илрүүлжээ. Энэхүү шинэ төрлийн вирус амьсгалын замаар дамжин хүний эд эсэнд өсөж, үржих чадвартай. Түүнчлэн гахайн ханиаднаас зарим талаараа өөр учир вакцин үйлчлэхгүй байгаа юм. Хэдийгээр тус вирус олон нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээгүй ч хүн төрөлхтөнд уг вирусээс хамгаалах дархлаа байхгүй тул халдварыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойг анхааруулж байна. 

Засгийн Газрын Мэдээ

Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл