Бяцхан үрсийнхээ амийг усанд алдсаар байх уу

 

Ганцхан сарын өмнө Баянзүрх дүүрэг, Маршалын гүүр орчимд 11-15 насны дөрвөн хүүхдийн амийг авсан тогтоол ус бороонд улам нэмэгдэж, тэр орчинд айдас хуруулан дүнсийж байна. Тэндээс холгүй, Дүнжингаравын ойролцоо ухсан нүхэнд тогтсон усанд 2016 онд тав болон есөн настай хүүхэд осолдож, дараа жил нь тэр тогтоолын ёроолд дахин нэг бяцхан зүрх зогссон эмгэнэлт хэрэг гарч байв. 2016 онд нийт 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан. 2017 онд 16 хүүхэд живж нас барсан. 2018 оны эхний долоон сарын байдлаар 13 хүүхдийн амийг ус авч одсон. 2019 оны найман сар гэхэд усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсаны ес нь хүүхэд… Энэ мэтчилэн жил бүр усанд энддэг алтан амь бидэнд статистик мэдээлэл төдий үлддэг нь харамсалтай. Тэр дундаа хорвоог таньж амжаагүй бяцхан үрс хөгжилдөн тоглож, сониучирхан зугаалж яваад усанд үйж, тэнгэрт халих болгонд эцэг эх нь л харамсан гашуудаж, бусад нь “хүүхэд хамгаалал”, “аюулгүй орчин” нэхэж хэсэг шаагилдаад намжиж, мартагдсаар.

 

2016 онд нийт 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан. 2017 онд 16 хүүхэд живж нас барсан. 2018 оны эхний долоон сарын байдлаар 13 хүүхдийн амийг ус авч одсон. 2019 оны найман сар гэхэд усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсаны ес нь хүүхэд… 

Өнгөрсөн жил Нийслэлийн ОБЕГ-ын сургалт судалгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат “Голын эрэг дагуу амарч буй иргэдэд эргүүлийн ажилчид тогтмол сэрэмжлүүлж байгаа ч усны осол огт буурахгүй байна. Тавдугаар сарын 20-доос зургадугаар сарын 20-ныг хүртэл сарын хугацаанд 14 хүн эндсэн. Хоёр хоногт л нэг хүн усанд живж байна гэсэн үг” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө анхааруулж байсан. Гэвч жил бүр олон зуун хүн усанд осолдож амиа алддаг хэвээр. Амарч зугаалж яваад анхаарал сэрэмж алдаж, хүүхдээ усанд живэхэд аврах гэж орсон аав, ах нар нь хамтдаа өнгөрсөн тохиолдол ч цөөнгүй. Монгол орон далай, тэнгисийн эрэгт оршдоггүй, гадаргын ус, гол мөрөн багатай тул ихэнх иргэн нь сэлж чаддаггүй. Манайд сэлэлтийн талаар боловсролын аль ч түвшинд заадаггүй бол гаднын улсуудад сэлж сурах нь бичиг үсэг тайлагдахаас илүү чухалд тооцогддог. Хөлд ч ороогүй балчраас эхлээд цэцэрлэгийн насныхныг 1.5-2 метр гүнзгий бассейнд сэлж, шумбаж сургах хөтөлбөр бүс нутгийн хэмжээнд элбэг. Харин манайд бага насандаа ваннтай уснаас өөр “бассейн”-д орж үзээгүй хүүхдүүдийн зарим нь л өсвөр насандаа голын усанд, эсвэл бассейнд шумбаж, сэлж сурах нь бий. Үлдсэн дийлэнх нь насан туршдаа сэлж чаддаггүй учраас гол, уснаас дөлж амьдардаг. Энэ бүгдийг хэвийн үзэгдэл гэж хардаг, өөрчлөхийг хүсдэггүй, усанд сэлэлтийг заавал эзэмших чадвар гэж үздэггүй учраас жилийн жилд олон зуун амийг усны ослоор алдсаар байна.

 

Хүүхдээ сэлж сургахад бүх насны амьдралаа зарцуулж, өдөр бүр “нухах” шаардлагагүй. Нэг сар хөвж сурахыг, дараагийн сард нь усанд амьд үлдэхийг, гурав дахь сард нь хүний амь аврахыг заахад насан туршдаа мартагдаж, алдагддаггүй чадвар суудаг гэж үздэг. Энэ бол ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулж, 12 жилийн аль нэг улиралд нь эзэмшүүлж болох чадвар юм. Гэвч бассейн, материалаг бааз байхгүй гэж шалтаглах байх. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 20 гаруй төлбөртэй усан спорт сургалтын төв ажиллаж байв. Сард 150-350 мянган төгрөгийн төлбөртэй, нэг цаг хичээллэхэд 7000 төгрөгөөс эхэлсэн үнийн тариф тэнд мөрдөгддөг. Боловсролын яам бодлогодоо оруулж, сургуулиудыг усанд сэлэлтийн хичээлд хамтран ажиллах бассейнуудад төсвөөс мөнгө хуваарилж болно. Эсвэл жил бүр тодорхой тооны сургуулийг бассейнтай болгох замаар богино хугацааны төсөл хэрэгжүүлж ч болно. Нийслэлийн 33 дугаар сургууль анхны бассейнтай сургууль болж, дунд, ахлах ангийн хүүхдүүдийг тусгай хуваариар бага хэмжээний төлбөртэй сэлж сургах хөтөлбөрөө явуулсаар байна. Долоо хоногт 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой гэж тус сургуулийн захирал танилцуулж байв. Улсын төсвөөр бассейн барьсан энэ сайн жишгийг гурван жил өнгөрөхөд өөр нэг ч сургууль хэрэгжүүлж чадсангүй. Уг нь 2012-2015 онд дүүрэг бүрт усан спорт сургалтын төв барих төсөл хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар нийт 6.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дөрвөн дүүрэг бассейнтай болсон ч хамрах хүрээ нь төдийлөн тэлж чадалгүй өдий хүрчээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ өдрийн хоолны мөнгө өгдөг шигээ сэлж сургахад хөрөнгө оруулж, бассейнд явуулах шаардлагатай байна. Ирээдүйд хүүхдээ усанд эндүүлэхгүйн тулд эзэмших ёстой чадварт нь хөрөнгө оруулах нь бидний үүрэг гэдгийг ухамсарлах цаг иржээ.

 

Усанд живж амиа алдах нь хувь хүний хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл гээд харамсаад өнгөрөх биш, төрийн бодлого, төсвийн дэмжлэг бүх нийтээр сэлж сурах чадвар эзэмшүүлэхэд чиглэх ёстойг эцэст нь сануулъя. 

Энэ боловсролыг тэгш хүртээмжтэй олгож, хүүхэд бүр сэлдэг болгох хүртэл гол усны аюулаас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа огтхон ч сулрууламгүй. Ялангуяа хөл хорионд удсан иргэд зуны турш аялал зугаалгаар явж, гол ус бараадан амарч байхдаа анхаарал болгоомж алдаж, үр хүүхдээ, өөрсдийгөө ч живж эндэх эрсдэлээс сэргийлэх нь чухал байна. Амрагчид төвлөрдөг газруудад эргүүл, хамгаалалтын ажилтан нэмэгдүүлж, живж болзошгүй газруудад анхааруулах самбар байршуулах зэрэг нь “ажилгүй” сул зогссон аялал жуулчлалын бодлого баригдчын өмнө нэн түрүүнд хэрэгжүүлэх ажил юм. Усанд живж амиа алдах нь хувь хүний хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл гээд харамсаад өнгөрөх биш, төрийн бодлого, төсвийн дэмжлэг бүх нийтээр сэлж сурах чадвар эзэмшүүлэхэд чиглэх ёстойг эцэст нь сануулъя. 

Э.Батцэцэг

Эдийн засаг, уул уурхай албаны сурвалжлагч