М.Болдсайхан: ЭЕШ-ын хариуг өгсөн өдрөө мэдэх болно

 

Онцгой нөхцөл байдлын улмаас энэ жилийн ЭЕШ-д хэд хэдэн өөрчлөлт оржээ. ЭЕШ өгөх гэж байгаа сурагчдадаа зориулаад шалгалтын үйл явц, сурагчдын зүгээс юу шаардлагатай, хэрхэн ариутгал хийгдэх, зэргийг Боловсролын Үнэлгээний Төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан тайлбарлаж өглөө. 

 

Сайн байна уу. Цар тахал, хорио цээртэй холбоотойгоор энэ жилийн ЭЕШ-д ямар өөрчлөлтүүд орсон байгаа вэ?

 

НЭГДҮГЭЭРТ, шинэ төрлийн коронавирусийн улмаас танхимын сургалт урт хугацаанд тасалдсан. Хичээлийн агуулгыг нөхөхийн тулд Боловсролын яам, Монголын Телевизийн холбоотой хамтран тв хичээлийг зохион байгуулсан. БҮТ-өөс нийтдээ 1170 цагийн тв хичээл, 1120 цагийн онлайн давтлагыг явуулаад байна. Түүнчлэн долоо хоногийн Лхагва гараг бүр БҮТ-өөс нийт бүртгэгдсэн шалгуулагчдын цахим хаяг руу ЭЕШ-тай холбоотой зөвлөмж, гарын авлага, сонин материалыг илгээж байна. Энэ жил зөвхөн 10, 11-р ангийн агуулгыг бүрэн хамруулж 12 ангийн судалж амжаагүй агуулгуудыг алгасах замаар шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулж байна. Мөн монгол хэл, англи хэл, орос хэлний сонсох хэсгийн даалгаврыг шалгалтын агуулгаас хассан.

 

ХОЁРДУГААРТ, УОК-оос ирүүлсэн заавар зөвлөмжийн дагуу нэг ангид суух хүүхдийн тоог 12 болгож, ширээ сандлын хоорондын зайг 1,5 метр байхаар засна. Гэхдээ бидний төлөвлөж байсан 50 анги танхим хүрэлцэхээ больсон. Нэмэлтээр 35 шалгалтын байр бэлтгэсэн. 

 

Сурагчдыг үзлэгт хамруулсны дараа сургууль руу нэвтрүүлнэ гэсэн.  Тухайн өдөр хэрхэн үзлэг хийх вэ?

 

Энэ тал дээр нарийн зохицуулалт хийж байгаа. 6-р сарын 15-нд суудлын хуваарь БҮТ-ийн сайтад байршсан. Суудлын хуваариа хэвлэн аваарай. Цаасан дээр тухайн сурагч маань аль сургууль дээр, хэдэн цагт, ямар шалгалт өгөх, аль хэсгээр нэвтрэх  зэргийг тусгасан нэмэлт тайлбар бий. Сурагчид хоёр метрийн зайтай зогсон гурван үе шаттайгаар шалгалтын байр руу нэвтэрнэ. Эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Тэнд халуун хэмжиж, гар ариутгаж, маск зүүхийг шаардана. Тухайн үзлэгийн явцад вирусийн шинж тэмдэг илэрвэл эмчийн заавраар тусгай ангид оруулна. Хэрвээ тусгай анги хүрэлцэхгүй бол мөн тусгай нөөц ангийг бэлтгэсэн байгаа. Хоёр дахь шалган нэвтрүүлэх хэсэгт гар утас болон өөр бусад шалгалтын журамд зааснаас хориотой зүйлс авчирсан эсэхийг металл илрүүлэгчээр шалгана. Дараагийн хэсэгт бичиг баримтыг бүрэн эсэхийг нягтална. Ингээд сурагчид маань цааш сургууль руугаа нэвтэрнэ. Нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн гадаах орчныг хяналтад авах, зохицуулалт зэргийг хийн нэмэлтээр ажиллах 500 хүнийг бэлтгээд байна.

 

Шалгалтын байранд ариутгал хэрхэн хийгдэх вэ?

 

Нэг өдөрт хоёр шалгалт авахаар төлөвлөсөн.  Эхний шалгалт нь өглөө 10 цагаас эхэллээ гэхэд хоёр дахь шалгалт нь үдээс хойш 17 цагт эхлэх зэргээр хуваарь тавигдсан. Шалгалт аваад дуусмагц давхар бүрд хоёр үйлчлэгч ажиллах болно. Дараагийн шалгалт авах хүртэлх хугацаанд анги танхим, ширээ сандал, хаалганы бариул, бие засах газрыг бүхэлд нь ариутгана.

 

Бэлтгэл ажлын явцад тулгамдаж байгаа асуудал юу байна?

 

Одоогоор тулгамдсан асуудал алга. Харин эцэг эхчүүд шалгалт өгөх сурагчдад анхааруулах зүйл байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 30900 хүүхэд  шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа. Эдгээр хүүхдүүд давхардсан тоогоор 100 мянган шалгалт өгнө гэсэн үг. Асуудал гэвэл сошиал орчноос үүдэх ташаа мэдээллүүд байдаг. Тухайлбал шалгалтын хуваарийг санаатай санамсаргүй байдлаар буруу зарлах, шалгалтын сэдэв даалгавар болон шалгалтын бүтэц зохион байгуулалттай холбоотой буруу мэдээлэл түгээх тохиолдол бий. 2017 онд л гэхэд шалгалтын хуваарийг буруу мэдээлснээс болж Өвөрхангай аймагт 17 хүүхэд шалгалтаасаа хоцорч байсан. Тиймээс  иргэд та бүхэн яг албан ёсны эх сурвалжаас мэдээ мэдээллийг аваарай. 

 

Хөдөө орон нутгийн хүүхдүүд аймгийн төв дээрээ ирж шалгалтаа өгөх хэвээрээ юу?

 

Хэвээрээ. Манай улсын хувьд онлайнаар шалгалт өгөх боломжгүй. Тиймээс хөдөө орон нутгийн хүүхдүүд аймгийн төвдөө ирж шалгалтаа өгөхөөс өөр арга байхгүй. Харин бид чирэгдэл учруулахгүй байхаар нэг асуудлыг зохицуулсан. Өмнө жил ЭЕШ-аа өгөх гэж нэг, бас оноогоо сонсон батламж хуудсаа авах гэж дахин аймгийн төв дээр ирдэг байсан. Энэ жилээс шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл хүүхдүүд шалгалт өгсөн даруйдаа дүн оноогоо мэддэг болох юм. Хөдөө орон нутаг гэлтгүй хотод ч шалгалт өгсөн даруйдаа оноогоо онлайнаар мэдэх болно. Улс даяар 7-р сарын 6-нд оноог жагсаана.

 

Шалгалт өгөх сурагчдын зүгээс ямар бичиг баримтыг авчирсан байх вэ?

 

-Бүртгэлийн хуудас

-Суудлын хуваарь 

-Иргэний үнэмлэх 

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн бичиг баримтыг заавал авчирна. Мөн сурагчид маань ирэх маршрутаа сайтар судлаарай. Машин эвдэрсэн, түгжирсэн, шалгалт авах байраа олоогүй гэх мэтчилэн хоцрох тохиолдол их гардаг учир үүн дээр анхаараарай. Төгсгөлд нь хэлэхэд нөхцөл байдал ингэж таарсан ч Боловсролын Яам, БҮТ-ийн зүгээс чадахаараа сурагчдын хичээлийг нөхсөн гэж үзэж байгаа. Сурагч та бүхэн  айж, сандралгүй шалгалтаа өгөөрэй. Сурагчдадаа амжилт хүсье.

 

Ярилцсанд баярлалаа!

 

 

Б.Баярчимэг

Сэтгүүлч