Mars-V төслийнхөн “солиорчихож”

 

Маш нууц байсан “Mars-V” төсөл өнгөрсөн 4 сард олон нийтэд танилцуулагдсан даруйдаа 3000 гаруй монгол залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Түүний дотор гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн олон залуус Марсын бүтээн байгуулалтад сайн дураараа гар бие оролцохоо илэрхийлжээ. Бүртгэлээ хаасан учир үүний цаана “Mars-V”-ийн сайн дурын ажилтнаар бүртгүүлж чадаагүй олон хүн үлдсэн гэх. Тэд эх орноо дэлхийд цоо шинээр танилцуулах боломжийг онилож байна.

Энэ төслийн талаар сонссон ч яг ямар төсөл яах гээд байгааг ойлгоогүй хүн олон. Арга ч үгүй биз урд хожид сонсогдоогүй солиотой төсөл.

Энгийнээр хэлбэл хэрэв зээ дэлхийн хүмүүс Марс буюу Ангараг гараг дээр шилжин суурьшвал тэндхийн амьдрал ямархуу байх болоо гэдгийг л Монголын говьд харуулахыг зорьж байгаа хэрэг.

 

Бүр тодруулбал говийг Марс руу зорчих хүмүүсийн сэтгэлзүй, бие физиологийг бэлтгэх шинжлэх ухааны төв, нөгөө талаас улаан нүдэн гарагийг үзэх мөрөөдөлтэй сая сая хүнийг татах аялал жуулчлалын бүс болгон танилцуулах техник технологийн том амбиц. Говийн баялгийг ухаад хаях биш үнэ цэнийг нь улам өсгөх боломжийг энд ярьж байна.

Дэлхий дээр байгаа 24 цөлийн 7 нь хүйтэн цөл. Тэр долоогоос хамгийн хүйтэн нь буюу Марстай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй нь манай говь. Дээр нь цаг уур, геополитикийн таатай нөхцөл, цөмийн зэвсгээс ангид гэдгээрээ манайхтай өрсөлдөх орон байхгүй. Сансрын аялал жуулчлалын нэг хувийг эзэмшихэд л жилд одоогийн эдийн засгийн багтаамжаа дөрөв нугалах хэмжээний орлого олно гэж бодохоор бас л солиотой.

 

Энэ солиотой төслийн санаачлагч С.Эрдэнэболд гэх залуу УИХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Гэхдээ түүний улс төрийн ажлыг энд онцлохыг хүссэнгүй. Тэр өөрөө ч төслөө улс төртэй хольж хутгах тун дургүй юм билээ. Тэгж байж л энэ олон залуусын итгэлийг даасан том төслийн үнэ цэнийг алдуулалгүй бодитоор хэрэгжүүлэх биз.

 

Тэр төслөө Америкийн НАСА, Японы ЖАКСА, Оросын РОСКОСМОС, Энэтхэгийн ИСРО зэрэг өөр хоорондоо ширүүхэн өрсөлддөг их гүрнүүдийн сансар судлалын байгууллагууд тэр ч бүү хэл эдгээр улсуудын төрийн тэргүүнүүдэд танилцуулаад амжсан. Хэнтэй ч өрсөлдөх гээгүй, давуу талаа л баялаг болгох гэж зүтгэж байгаагаа тэр хэлдэг.

 

Уг төслийг төгс төгөлдөр хэрэгжүүлэхэд үе шаттай 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж бодохоор бас л солиормоор. Одоогоор 1 сая ам.долларын материаллаг болон оюуны үнэ цэнийг бий болгож чадсан нь цаасан дээр байгаа төслийн хувьд чамлахааргүй амжилт.

 

Монголд Марс гарагийг мэдрүүлэх газрыг сонгосон агаад зөвшөөрлийг нь авахаар хөөцөлдөж эхэлсэн мөн нисэх онгоцны зурвас, зочид буудал, жингүйдлийн орчин зэрэг Марс хотхоны зураг төслийг ч манай шилдэг архитекторууд ч бэлэн болгосон гэсэн.

Хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх сансрын зах зээлд далайд гарцгүй ч сансарт гарцтай Монгол Улсын нэр гарах өдрийг тэсэн ядан хүлээе дээ.

 

 

The Spotlight

нийтлэлч