“Маргааш болох шүүх хурлаас эхлэн МАНАН арилах ёстой”

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяр болон эвслийн удирдлагууд өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шаардлага хүргүүллээ.  

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Би орон нутагт ажиллаад ирлээ.  Маргааш шүүх миний сонгох, сонгогдох эрхийг сэргээх тухай асуудлыг хэлэлцэнэ. Шүүхээс ямар ч гэсэн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хурлыг товлолоо.  Сайхан мэдээ байна.  Орон нутагт иргэд маань энэ мэдээг сонсоод  алга ташин баярлаж байсан. Яагаад гэвэл тэд шударга сонгууль болоосой гэдэгт их ач холбогдол өгч байна. 

Тиймээс “Та бидний эвсэл”-ийг дэмжиж байгаа.  Маргааш болох шүүх хурлаас эхлэн Монгол даяараа МАНАН арилж, нар мандаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Би 11 жилийн турш сонгогдох эрхээ эдэлж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Одоо 2020 онд сонгогдох эрх маань сэргээгдэж байна. Ингээд шударга ёсны төлөө, байгалийн баялгаа ард түмэнд өгөхийн төлөө, хариуцлагагүй нөхдүүдэд хариуцлага тооцохын төлөө, бид бүгдээрээ ард түмэнтэйгээ хамтран ажиллана. МАНАН-г арилгая, ард түмэн минь. “Та бидний эвсэл”-ийг сонгож байгаад баяртай байна.

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

-Өмнө нь Дээд шүүхийн шийдвэрээр  Н.Энхбаяр даргад холбогдох хэрэг хүчингүй болсон.  Энэ бүхэн тодорхой байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т Дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд бүх шатны шүүх болон бусад этгээд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан.  Тиймээс маргааш болох шүүх хурлаар “Та бидний эвсэл”-ийн тэргүүн,  МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдэг нь ойлгомжтой, тодорхой болж байна. “Та бидний эвсэл” бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуульд оролцож ялалт байгуулна.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

-Шүүх  хуралдааны шийдвэр  маш ойлгомжтой шийдвэр гарах ёстой.  ЦЕГ-аас цагаан дээр хараар бичсэн худлаа тодорхойлолт гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг үгүйсгэж анхан шатны шийдвэрээр нэр дэвших эрхэнд нь халдсан энэ үйлдлийг шүүх  таслан зогсоох учиртай. Тиймээс баянголчууддаа, монголчууддаа хандаж хэлэхэд ямар ч байсан Н.Энхбаяр гэж хүн олон жил нэр дэвшүүлэхгүй “хоригдсон”-ы эцэст нэр дэвших эрх нь нээлттэй болж байна гэж албан ёсоор хэлье. 

Т.Батсайхан

Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга