"Хүчирхийлэгчийг мэдээлж, зовсон нэгнээ хамгаалцгаая"

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн хүн амины хэргийг шүүх хурал өчигдөр болов. Гурван жилийн турш эхнэрээ айдас, хүчирхийлэлд байлгаж, эцэст нь амийг нь хөнөөсөн эрд 18 жилийн ял оноолоо. Амиа алдсан бүсгүйн охин хохирогчийг төлөөлж шүүх хуралдаанд оролцохдоо “Ээжийн минь амийг хөнөөсөн энэ хүнд үгээр хэлэхийн аргагүй гомдож байна” гэж хэлээд мэгштэл уйлсан. Харин гартаа гавтай 50 орчим насны эр унжийн сулбайж, хөшсөн мэт зогсож байлаа. Эмэгтэй хүнд эр бяраа гаргаж, бах таваа ханган хүчирхийлж байхдаа ямар царайтай байсан бол гэж бодохоос жигшил төрнө. Нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булагдсан аймшигт энэ хэргийн золиосонд гурван хүүхэд “тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ээс өөр юу ч үгүй хоцров.

Гэр бүлийн хүчирхийлэл гурван янзын л төгсгөлтэй гэнэ. Эхний тохиолдолд хэн нэг нь гэмтэж, бэртэнэ. Дараагийнх нь гэр бүл сална. Эцсийн бүлэгт эхнэр, эсвэл нөхрийн аль нэг нь амиа алдана. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн хорих ... дугаар ангид 300 орчим эмэгтэй ял эдэлж байна.

Үүнээс хүн амины хэргээр хоригдсон эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь өөрийн болон үр хүүхдийнхээ амийг хамгаалж гэр бүлийн хүчирхийлэгчийн аминд хүрсэн гэсэн харамсалтай статистик бий. Харин өнгөрсөн онд нийт 1400 орчим хүн ял шийтгүүлж хоригдсоноос 70 гаруй  хувь нь бусдын биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан байна.

Уг нь манай улс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин баталсан хууль нь амьдрал дээр хэрэгжиж, араа шүд нь зөв эргэж байгаа эсэхэд статистикийн дээрх үзүүлэлт дүн тавьж байна. “Хайр, итгэл, сэтгэлээр холбогдсон хүнийхээ золиос болж хохирдог учир гэр бүлийн хүчирхийлэл бусад хэргээс илүү их гомдол, цөхрөл дагуулдаг” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтуяа хэлсэн. Хайртай хүнээ өөрчлөгдөх байх гэсэн горьдлого тээсээр, хүчирхийлэл дээд тал нь таван жил үргэлжилсний эцэст дээрх гурван төгсгөлийн нэгд тулж очдог ажээ.

ИРГЭН ТАНЫ ӨГСӨН ДУУДЛАГА ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ШҮҮХИЙН ӨМНӨ НОТОЛНО

Эхнэрээ хөнөөсөн хэрэг гарсан нийтийн байранд шүүх хурлын өмнөх өдөр очиж хөршөөс нь зарим зүйлийг тодруулсан юм. Тэнд дөрвөн өрх амьдардаг. “Нөхөр нь ажилгүй, орой бүр архи уудаг, харин эхнэр нь үйлчлэгчийн ажил давхар хийдэг байсан байх. Тэр өдөр нөхөр нь эрүүлжүүлэгдээд гарч ирсэн, эхнэртээ их уурласан гэсэн. Эхнэр нь хутгалуулсан даруйдаа өөрөө түргэн дуудсан гэсэн” гэж хээв нэг ярьж зогсох хөрш амжиж цагдаад мэдэгдсэн бол зовсон нэг эмэгтэй амьд байх байлаа.

Харин шүүх хуралдааны үеэр “Шүүгдэгчийг өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нотлох аргагүй юм. Цагдаагийн байгууллагад энэ хэргээр шалгагдаж байгаагүй бөгөөд хамтарсан багийн эрсдэлийн үнэлгээнд байхгүй” гэж өмгөөлөгч ялыг хөнгөрүүлэх үндэслэл танилцуулав. Гэхдээ улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн гэрчийн мэдүүлэг болон албан бус нотлох баримтуудыг танилцуулсан. Хэрэв хөрш нь дуудлага өгч байсан бол шүүгдэгч үнэхээр гэр бүлийн хүчирхийлэгч мөн эсэхийг тодорхойлоход тустай байх байж.

Хамтарсан баг сайн ажиллавал хүний амь эрсдэх хүртэл хүндрэхгүй

Мөн аргагүй хамгаалалтаар хүчирхийлэгчийн амийг хөнөөсөн тохиолдолд ч өмнө нь хуулийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл нотлох баримт болно. Аргагүй хамгаалалт гэдгээ нотолж чадаагүйгээс болж, өчнөөн олон жилээр хоригдож, амьдын хагацал үзэж буй эмэгтэйчүүд олон бий.

Мөн хүчирхийллийг мэдээлэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр тухайн иргэний оршин суугаа хорооны нийгмийн ажилтан, цагдаа, засаг даргын нэгдсэн баг хамтран эрсдэлийн үнэлгээ хийж, асуудалтай айл өрхийг хяналтдаа авдаг болсон байна.

Дээрх хэргийн тохиолдолд хөрш нь цагдаад дуудлага өгсөн бол хорооны хамтарсан баг хяналт тавьж, гэмт хэргээс сэргийлэх боломжтой байжээ. Хаалганы цаана нуугддаг гэмт хэргийг илрүүлэхэд иргэний оролцоо хамгийн чухал.

НИЙТИЙН БАЙРААР ОРОГНОЖ, ТҮР ОРШИН СУУГЧДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛЬЕ

Аливаа гэмт хэргийг гарсан хойно нь таслан зогсоож, олж илрүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, сэрэмжлэх нь чухал. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчдод туслах, зөвлөгөө өгч, хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг “Хамтарсан баг” сум, хороо бүрт бий. Шинээр батлагдсан хуулиар “Хамтарсан баг”- уудын үүрэг оролцоо нэмэгдсэн. Тус багт хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар багтдаг.

Хэрэг болсон хорооны хэсгийн төлөөлөгч С.Б-гээс хамтарсан баг тус айлд хяналт тавьсан эсэхийг тодруулав. Тэрбээр, “Манай хороонд эрсдэлтэй гурван өрх бий. Бид байнга хяналт тавин ажилладаг. Урьдчилан сэргийлэх үүднээс байнга хэрэг зөрчил гаргадаг өрхийн хүүхдийг асрамжийн газарт хүлээлгэн өгсөн. Харин сая хүн амины хэрэг болсон айл манай хороонд бүртгэлгүй иргэд байсан. Оршин суугчдадаа л хяналт илүү тавьдаг байж. Гэтэл түр оршин суугчдад илүү анхаарал тавих ёстой юм байна гэдгийг ойлголоо. Уг нь цагдаад дуудлага өгсөн бол хамтарсан баг тулж ажиллах боломжтой байсан” гэсэн юм.

Нэрээ бичүүлэхээс татгалзсан өмгөөлөгч эмэгтэй, “Би хүчирхийлэлд өртөөд байна гэж хэлэх тохиолдол цөөн. Нэг тогооноос хооллож, нэг оронд унтдаг хүмүүс нэгнийгээ гэмт хэрэгтэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг юм болов уу гэж боддог. Энэ хэргийг таслан зогсооход хөрш болон хамаатан саднуудын үүрэг оролцоо их чухал. Түүнээс гадна хамтарсан баг сайн ажиллавал хүний амь эрсдэх хүртэл хүндрэхгүй” гэсэн юм.

ЭХНЭРЭЭ ХӨНӨӨХӨӨС ТАВАН САРЫН ӨМНӨ ӨӨР НЭГНИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭЖ БАЙЖЭЭ

Нөхөр нь эхнэрийнхээ амийг хөнөөсөн энэ хэрэг хоёрдугаар сард гарчээ. Харин шүүгдэгч эхнэрийнхээ аминд хүрэхээс таван сарын өмнө өөр нэгнийг мэсээр гэмтээсэн нь шүүх хурал дээр сөхөгдөв. Шүүгдэгч эхнэрээ зодох гэж зууралдаж байхад салгахаар дундуур нь орсон эрэгтэйг гурван удаа хутгалж гэмтээсэн байв. Гэвч эхнэр нь цалингийн зээл авч, хохирогчийг гомдолгүй болгож, зөрчлийн хэргээр бүртгүүлсэн аж. Энэ нөхцөлд хэргийг зөвхөн өнгөц талаас нь харах бус учир шалтгааныг нь тодруулсан бол бүсгүй амиа алдахаас хэдэн сарын өмнө шүүгдэгчид гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үүсэх байж. Шүүх хурлын үеэр гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нь хохирогчийг 2016 оноос хойш хүчирхийлэлд өртсөн байх магадлалтайг илэрхийлж байлаа. “Дух нь хөхөрч, гар нь зулгарсан байсан, намайг зодсон гэж хэлж байсан” зэргээр түүний хамаатнууд, найзууд бас ажлынхан нь мэдүүлжээ.

2018 оны нэгдүгээр сараас эхлэн цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн дуудлагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг тусгайлан бүртгэж эхэлсэн бөгөөд 2018 оны аравдугаар сарын байдлаар 32878 дуудлага хүлээн авснаас 4358 дуудлагад 20 минутаас дээш хугацаа алдан очсон байна гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн мониторингийн судалгаанд танилцуулжээ. Цаг алдаж очсон шалтгааны 82 хувийг давхар дуудлага эзэлж байгаа нь эргээд ажиллах бүрэлдэхүүн хомсдолтойг илтгэж байгаа юм. Дуудлага хүлээн авснаас 20 минутын дотор очих нь хамгийн боломжит хугацаа гэж цагдаагийн байгууллага тооцож байна.

Хэрэг гэнэт гардаггүй. Хүчирхийлэл эцсийн зогсоолд хүрч хэн нэгэн шоронгийн хаалга татах хүртэл урт замыг туулж, олон шат дамждаг. Энэ бүх шатанд иргэн, албан байгууллага, төрийн албан хаагчид шаардлагатай арга хэмжээг авч чадвал хэн нэгэн амь насаараа хохирох эрсдэл үүсэхгүй юм.

Б.Бадамцэцэг

Сэтгүүлч