ЭЕШ-ын тухайд: “Халаас” оноо гэж үнэхээр бий юу?

 

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг 2020 оны 7 дугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлосон. Энэ жил 30 900 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. ЭЕШ-ыг тойрсон хүүхэд, эцэг эхчүүдийн дунд төөрөгдөл үүсгэдэг зарим нэг асуултаас хариулт авахаар Боловсролын Үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.

 

Үнэхээр үү? №1

Жил болгон ЭЕШ-н хариу задарсан гэх яриа гардаг. Шалгалтын материал үнэхээр задрах боломжтой юу? 

 

Өмнө задарч байгаагүй цаашид ч задрах боломжгүй. ЭЕШ болохоос сарын өмнө материал боловсруулалт эхэлдэг. Энэ жилийн хувьд үйл ажиллагаа  6-р сарын 3-нд  эхэлсэн. Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернетийн сүлжээгүй газар, нийслэлийн хэв журмыг хамгаалах тасгийн  24 цагийн бүрэн камержуулалт дор материалыг боловсруулдаг. Тухайн газарт сэдэв боловсруулах, хяналт шалгалт хийх 30 багшийн хамт боловсруулсан сэдэв даалгаврыг хэвлэх, уутлах, хүмүүсийн хоол хүнсийг бэлтгэх зэрэг нийт 70 гаруй бие бүрэлдэхүүн ажилладаг. Хэвлэгдсэн материалыг Тагнуулын Ерөнхий Газрын тусгай шуудангийн алба хариуцан шалгалтын төв болгонд хүргэж өгдөг. Орон даяар ЭЕШ явагдаж дууссаны дараа  материал боловруулах ажилд оролцсон багш, ажилчдыг гэр гэрт нь хүргэж өгдөг байгаа. 

 

Иймээс шалгалтын сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй. Гагцхүү өндөр оноо авах гэсэн хүүхдүүдийн эрмэлзэл, хүүхдээ сайн сургуульд оруулах гэсэн эцэг эхийн эрэлт хэрэгцээн дээр дөрөөлсөн луйварчид л бий. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс сэдэв даалгавар зарсан, түлхүүр хариу худалдсан гэх мэтээр янз бүрийн яриа үүсгэдэг. ЭЕШ нь хамгийн багадаа 200 мянга гаруй хүмүүсийн анхааралд байдаг сонгуулийн дараа орох нөлөөтэй зүйл юм. Тиймээс хүүхдүүд болон эцэг эхчүүд аль болох сошиал сүлжээн дэх сөрөг мэдээлэл, хуурамч хаягаас ирсэн зурвасыг уншихгүй байгаасай. Харин БҮТ-ийн сайтаас баттай  мэдээ, мэдээллийг авч байхыг хүсэж байна.  http://www.eec.mn/

 

Үнэхээр үү? №2

Шалгалтын цагтаа амжсангүй гэдэг. Цагийн тооцоог ямар шалгуураар бодож гаргадаг вэ? Үнэхээр цагтаа амжихгүй байж болох уу?

 

Шалгалтын цагтаа амжихгүй байх боломжгүй. Шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан олон улсын жишиг бий. Ямар хэлбэрийн даалгаврыг хэчнээн минутанд гүйцэтгэх вэ гэсэн тооцоололтой байдаг. Жишээлбэл сонгох хэлбэрийн даалгаврыг хүүхдүүд 1-2 минутад хийж гүйцэтгэх боломжтой. Харин  харгалзуулах хэлбэрийн даалгаврыг 4 минутад амжуулах боломжтой. Задгай хэсгийн бодлогын даалгаварт тухайн бодлого хэдэн үйлдэл хийхээс хамаараад тус бүрд хугацааг нь тооцдог юм. Шалгалтын цагтаа амжихгүй байгаа нь хувь хүний цаг хуваарлалтын асуудал. Цагаа зөв тэгш хуваарилаж чадвал амжсангүй гэх шалтгаан байхгүй.

 

Үнэхээр үү? №3 

"Халаас" оноо гэж бий юу?

 

"Халаас"  оноо өгнө гэсэн ойлголт байхгүй. Ер нь ийм  оноо ч гэж байхгүй. Шалгалт  анхны дунджаас хамаараад 200-800 хооронд хэмжээст оноо бодогддог. Тэгэхээр  манай хүүхдүүдийн дунд 200 онооноос дээш авч байгаа учраас ''Халаас оноо'' байна гэж үзээд байдаг. Хамгийн доод талын оноо нь 200 гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд 100 оноо авах ёстой, 100 онооноос хэд авч байна вэ гэдэг чинь анхны дундаж оноо болох юм. 

 

Үнэхээр үү? №4

Хариултын хуудсыг  илүү дутуу гаргаад эсвэл бүдэг будсан тохиолдолд үнэхээр засалтын төхөөрөмж уншдаггүй юу?

 

Мэдээж хэрэг уншихгүй.  Хүүхдүүдийн дунд бүх хувилбарыг будвал зөвийг нь уншина зэрэг буруу ойлголтууд байдаг. Энэ бол худлаа. Хэрхэн яаж зөв будах талаар шалгалтын материал дээр дэлгэрэнгүй танилцуулсан байгаа.  Мөн БҮТ-н сайтад байрлах шалгалтын хуудас бөглөх заавартай танилцаж, хэвлэн авч, будах дасгал хийвэл зүгээр шүү.  Хариултын хуудас татаж авах.






Б.Баярчимэг

Сэтгүүлч