Э.Эрхэс: Чийгшилгүй ядарсан арьсан дээр мянга сайн будаг хэрэглээд ямар ч нэмэргүй

 

“Мэргэжилтний зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаараар “Beauty of Cezzane 2020” уралдааны ялагч, мake up артист Э.Эрхэстэй ярилцлаа. Энэхүү ярилцлагаас та нүүр будалтын сууриас эхлэн хөмсөг будалт, контур зурах гээд бүгдийг дэлгэрэнгүй унших болно. 

 

Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юун түрүүнд чухам яагаад нүүрээ будах хэрэгтэй талаар ярилцъя. 

 

Нүүр будалт нь элдэв арьсны гэмтэл, бохирдол, батгашилт, сулрал гээд гаднын хүчин зүйлсээс хамгаалдаг. Үүгээр ч зогсохгүй эмэгтэй хүн гоо сайхнаа тодотгосноор өөрт таатай мэдрэмжийг авах төдийгүй бусдад ч таатай сэтгэгдэл төрүүлэх болно. 

 

Сүүлийн үед нүүр будалтын чиг хандлага ямар байна вэ? 

 

Одоогоор нимгэн, натурал будалт тренд болж байна. Энэ төрлийн будалт нь будсан ч будаагүй юм шиг хийгддэг учир ур чадвар их шаарддаг онцлогтой. 

 

Будалт хийхдээ хамгийн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ?  

 

Юун түрүүнд хүн өөрийн нүүрний хэлбэр, бүтцээ ойлгох хэрэгтэй. Ингэж байж сайн будалт хийнэ. Нүүр будалтын мөн чанар нь давуу талаа тодотгож, сул талаа далдлах. Иймд зүгээр л тренд болж байгаагаас нь болоод нүүрний хэлбэртээ тохироогүй будалт хийчихвэл “сахил авсан биш шал дордов” гэдэг шиг болно. Нэгэнт будаж байгаа хойно хичээгээд зөв будах ёстой шүү дээ. 

 

Нүүр будах зөв дараалал гэж бий юу?

 

Монголчууд ихэвчлэн будалтын сууриндаа тос түрхэн, дээрээс нь кремээ тавьчихдаг. Гэтэл үүнээс болж нүүрний будалт хоорондоо холилдож тогтцоо алдахаас гадна арьсанд хурдан шингэж гүний бохирдол үүсгэдэг. Ингэвэл арьсан дахь нүх сүв томорч, одоо мэдэгдэхгүй байсан ч хэдэн жилийн дараа арьс сулран унжина. Тосны оронд суурь primer хэрэглэх нь зөв. Тослог бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн бол тосоо, хуурай бол хуурайгаараа л дагнах хэрэгтэй. Түүнээс биш шингэн, тослог бүтэцтэй крем түрхчхээд араас нь хуурай гэрэл сүүдэр, гялалзуулагч хэрэглэж болохгүй. Нүүр будалтын зөв дараалалд хамгийн чухал нь сууриа зөв тавих, бүтээгдэхүүний хэрэглээгээ анхаарах байдаг. Харин гэрэл сүүдэр, өнгөлөгчөөс авахуулаад хөмсөг, нүд будалтын алийг нь түрүүлж хийх нь тухайн хүний сонголт.

 

 

Таны хувьд эмэгтэй хүнд заавал байх ёстой нүүр будалтын хэрэгсэл юу вэ?

 

Нэгдүгээрт, суурь primer. Үүнийг өөрийн арьсны онцлогтоо тохируулан зөв сонгож чадвал будалтыг бүтэн өдрөөр барьдаг. Мөн олон давхар нэмэлт будалтаас арьсыг хамгаална. 

 

Хоёрдугаарт, түгчигч пудр буюу нунтаг пудр. Эмэгтэйчүүд нунтаг пудрыг  арьс хуурайшуулж, будалтыг зузаан болгодог гээд хэрэглэхээс зайлсхийдэг. Гэхдээ энэхүү бүтээгдэхүүн нь крем дээр нарийн ширхэгтэй тоос тоосонцор, шороо зэргийг наалдуулалгүй гаднын бохирдлоос хамгаалдаг. Хувцсанд ч гэсэн нүүрний будаг тогтоохгүй. Тиймээс бүсгүйчүүд маань будалтын эхэнд суурь primer, төсгөлд нь түгжигч пудрыг заавал ашиглах хэрэгтэй. 

 

Нүүр будалтын бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ? 

 

Мэдээж хэрэг өөрийн арьсаа оношлуулж, тохирох бүтээгдэхүүн сонгох нь чухал. Бас үйлдвэрлэсэн огноо, гол найрлагыг заавал харах хэрэгтэй. Ингэхдээ өндөр химийн найрлага агуулсан эсэхийг шалгаж, химийн найрлага их бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл арьсанд дадал болж, дараа нь илүү өндөр тунгаар шаарддаг болно. Гэхдээ зөвхөн нүүр будгийн хэрэгсэл гэлтгүй арьс арчилгаандаа анхаарах хэрэгтэй. Дутуу цэвэрлэсэн, амраагаагүй, чийгшил өгөөгүй арьсан дээр мянга сайн чанарын нүүр будалтын бүтээгдэхүүн хэрэглээд ямар ч нэмэргүй. Үүнээс болж будалтын дараах арьс барзайх, улайх зэрэг асуудал үүснэ. Иймд эхлээд арьсаа сайн арчлах хэрэгтэй. 

 

Зарим бүсгүйчүүд нүүрээ будалгүй дан нарны тос түрхээд явдаг. Үүнд дутагдалтай тал бий юу?

 

Байлгүй яах вэ. Нарны тос дээд тал нь 8 цаг үйлчилгээгээ барьдаг. Хувцсанд наалдаад арилна, хөлрөөд урсана гэх мэтчилэн тогтох хугацаа нь үүнээс дахиад багасна. Тэгээд ч нарны тос дангаараа арьсыг бүрэн хамгаалж чадахгүй. Тиймээс нарны тосон дээр давхар крем түрхэж, нэмэлт  будалт хийх хэрэгтэй. Нарны тос сонгохдоо усан суурьтай эсвэл гелен бүтэцтэйг авбал зүгээр. Хэтэрхий гялайж цагааруулдаг эсвэл тогтоц муутай нарны тосноос зайлсхий. Сүүлийн үед гарсан ус, хөлсний хамгаалалттай нарны тос надад их зүгээр санагдсан урсахгүй, хувцсанд наалдахгүй, тогтоц сайн. Бас нэг анхаарах зүйл нь нарны тос түрхэхээс өмнө арьсаа сайтар цэвэрлэн чийгшүүлсэн байх хэрэгтэй. 

 

 

Нарны тос арьсыг бүрэн хамгаалж чадахгүй гэсэн. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бас  арьсаа хамгаалахын тулд нүүрээ будах хэрэгтэй гэсэн үг үү? 

 

Эрэгтэйчүүд ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа арчлах хэрэгтэй. Энэ тал дээр манайхны хэвшмэл ойлголт тээг болдог. Мөн манай залуучууд өөрсдөдөө анхаарал тавихгүй байна. Би эрэгтэй хүн гээд л хэнэггүй байдаг. Энэ бол буруу зүйл юм аа. Сонин санагдах ч гэлээ монгол эмэгтэйчүүд өөрсдөдөө их арчаатай, сайхан явна. Харин эрчүүд нь эсрэгээрээ. Энэ хоёр хоорондоо дүйхгүй байгаа учраас л ганц бие залуус их байгаа юм шүү дээ. Тиймээс өөрийн гоо сайхандаа эрэгтэй, эмэгтэй гэлтгүй анхаарах хэрэгтэй. Гэхдээ тэглээ  гээд эрэгтэй хүмүүсийг нүүрээ будаад яв гээгүй шүү. Зүгээр л хүн бүр арьсаа арчилж өөртөө хайртай байх хэрэгтэй гэх санаа. 

Эрэгтэйчүүдийн арьс арчилгаа тал дээр зөвлөгөө өгье. Юун түрүүнд өглөө, оройдоо өөрт таарсан бүтээгдэхүүнээр арьсаа заавал цэвэрлэж байх хэрэгтэй. Дараа нь toner юм уу чийгшүүлэгч мист хэрэглэж арьсаа чийгшүүл. Дээрээс нь гялайсан биш арьсны өнгөнд тохирсон нарны тос түрхэх хэрэгтэй. Хэрвээ танд санаа зовж явдаг сэвх, сорви байгаа бол тэр хэсэгтээ хөнгөн өө дарагч түрхэж болно. Энэ цөөхөн үйлдэлт энгийн дадлыг өдөр тутамдаа хэвшүүлж өөрийгөө тордохыг эрчүүддээ зөвлөж байна. Эрэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн элбэг болсон цаг шүү дээ. Бас мэдэхгүй зүйл гарвал мэргэжлийн хүнээс очиж зөвлөгөө авсан ч буруудахгүй шүү. 

 

Кремээ зөв сонгох их төвөгтэй байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгвөл? 

 

Кремийг ердөө өөрт таалагдсан эсвэл арьсны өнгөнөөс нэг өнгөөр дээш гэсэн бодлоор сонгож болохгүй. Яг таг арьсны өнгө, онцлогтоо тохируулах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд гар эсвэл нүүрнийхээ аль нэг хэсэгт түрхэж үзчихээд сонгодог. Энэ маш буруу арга. Уг нь нүүр, хүзүү, цээжний заагт түрхэн хоорондын өнгө нийцэж байвал арьсны өнгөнд таарсан гэж үзэх хэрэгтэй. Нэгэнт крем сонголтын талаар ярьж байгаа юм чинь зөв түрхэх талаар зөвлөгөө өгье. Юун түрүүнд поролон биш багс ашиглан кремээ түрхэх хэрэгтэй. Поролон нь кремийг уусгах, багс нь тараах үүрэгтэй. Иймээс поролон ашиглан түрхсэн крем шавааралдан, илүү зузаан болдог. Зузаан тараагүй кремнээс болж инээх, ярих явцад хацар, нүдний  хэсэгт зураас үүсдэг. Харин багсаар будахдаа үзүүр буюу өнгөөр ялгаж өгсөн хэсгээр нүүрний судлын дагуу нүүрний захаас төв рүү гэсэн чиглэлээр хөнгөхөн тарааж түрхэх хэрэгтэй. Бүтэн чанга дарах юм бол крем шавж, зузаан болдог. Амьтны үсэн багсыг хуурай бүтээгдэхүүн, синтетик багсыг шингэн тослогтой бүтээгдэхүүн дээр ашиглаарай. 

 

 

Хөмсөг нүүр будалтын хамгийн чухал хэсэг. Хөмсгөө будахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

 

Хөмсөг нүүр будалтын 70 хувийг эзэлдэг. Хөмсөгний будгийг сонгохдоо нүдний өнгөтэйгээ дүйцүүлэн сонгож хэрэгтэй. Будалтын хувьд олон төрөл байдаг.  Үстэй юм шиг замбараагүй будах, цэгцтэй нарийхан будах, яг таг хүрээ тавьчихсан юм шиг бараан хар хирнээ бүтэн уусгалттай будах гэх мэт.  Манайхны хувьд ихэнх нь хөмсөгний үстэй байдаг. Би бол хөмсгөө будахдаа хөмсөгний савангаар нэгэн зэрэг үсээ босгоод дараад нь дутуу хэсгүүдийг үсний ургалтын дагуу нөхөөд зураад явчихлаар цэгцтэй, цэвэрхэн болчихдог. 

 

Хөмсөгний бүтээгдэхүүн тохируулан хэрэглэх нь:

Хөмсөгний mascara нь үсний өнгийг сэргээж өгдөг. Өтгөн эсвэл бага зэргийн шингэвтэр мөртлөө хэлбэр сайтай хөмсөгтэй бүсгүйчүүд хэрэглэвэл тохиромжтой. Эсвэл цайвар шаргал өнгөөр үсээ будуулсан хийгээд төрөлхийн  бор хөмсөгтэй бол цайвар шаргал өнгийн mascara-г хэрэглээрэй.  

 

Хөмсөгний cushion-ийг өтгөн хирнээ хэлбэр муутай хөмсгийг хэлбэржүүлэхэд ашигладаг. Ийм төрлийн хөмсөгтэй бүсгүйчүүд харандаа, тень зэргээр хэлбэртэй болгож будсаны улмаас хэтэрхий тод бараан болгочихдог. Харин cushion нь хэлбэрийг нь засаж бага зэрэг тодотгож өгдөг юм. 

Хөмсөгний тень нь cushion-оос арай тодовтор хөнгөн, хуурай бүтэцтэй. Үүнийг хөнгөн нимгэн харагдуулахын тулд хэрэглэж болно оо.

Хөмсөгний гель гаргалт сайтай, тогтоц удаан бүтээгдэхүүн. Ер нь мэдрэмжтэй ашиглахгүй бол хөмсгөө гоё болгож болно, эсвэл бүр муухай ч болгож болно. 

Хөмсөгний харандаа анх будаж эхэлж байгаа хүмүүс хөмсөгний харандаа ашиглавал зүгээр. Хөмсгөө зөв будаж сураад ирэхээр бусад бүтээгдэхүүнээ хэрэглэж үзээрэй.

 

Хөмсөг зөв будах тухайд:

Хөмсөг будсаны дараа хоёр өөр болчихдог. Хоёуланг нь адилхан болгохын тулд нөгөө хөмсгөө байгаа хэмжээнээс нь өөр болгон эвдэж будах хэрэгтэй. Түүнээс биш байгаа өгөгдөл дээрээ будахаар хоёр өөр харагдах нь гарцаагүй. Бас хоёр талаа бага багаар зэрэг будаад явж болохгүй. Ингэх юм бол нэмж хассаар солжир болчихдог. Нэг талаа сайн будчихаад нөгөө тал руугаа шилжих нь илүү үр дүнтэй. Ингэхдээ гар эвлэж өгдөггүй талаа түрүүлж будвал зүгээр. Хөмсөг будалтан дээр ч бас өмнө нь ярьсанчлан нүүрний хэлбэр бүтцээ зөв ойлгосон байх нь маш чухал. Духны хэмжээ том бол хөмсгөө жоохон өргөн болгож будах, жижигхэн бол нарийхан будах гээд олон зүйл бий. Мөн хөмсөгний өнгөө нүдний өнгөтэй ойролцоо сонгох хэрэгтэй. Ер нь өөрийн хөмсөгний өнгийн дагуу будаг сонгох хэрэгтэй. 

 

 

Нүдээ будах тал дээр зөвлөгөө өгвөл?

 

Тень тавих:

Нүдний будалтыг нүдний аяганы яснаас дотогш талбайд хийнэ. Хүнхэр яснаас давуулж болохгүй. Хэрвээ давуулах бол жоохон уусгаж будах хэрэгтэй. Хүний нүдний хэмжээ хоёр өөр байдаг учир заавал нүдээ нээж байгаад суурь өнгөө тавих хэрэгтэй. Аньж байгаад будвал хэмжээ зөрж солжир харагдана. Суурь өнгөө хэмжээсийн дагуу тавьсны дараа бусад өнгөө уусгаж өгнө. Нүдний теньний өнгө сонгохдоо анхаарах зүйл бас бий. Арьсны өнгөнөөс хамаараад тениэ сонгоно. Цайвар, шаргал өнгийн арьстай хүмүүст хүйтэн өнгө, бор шаргалдуу арьстай хүмүүст дулаан өнгийн тень зохино. 

 

Контур тавих:

Нүдний хэлбэрийг засах үүднээс контур ашигладаг. Контур зурахдаа нүдний төгсгөлөөс зурсан хөмсөгний төгсгөлийн дагуу хооронд багсаа диагналдан барьж байгаад зурна. Ингэхдээ контурын сүүл хэсэг нүдний өндөрлөг хэсэгтэй тэнцүү байна гэдгийг санаарай. Контур ашигласан тохиолдолд сормуусны голоор үлдсэн зай ялгараад байдаг. Тухайн хэсгээ хар, бор өнгийн нүдний харандаагаар  будаж өгөөрэй. Тэгж байж илүү гүйцэтгэл сайтай болно. Бас нэг юм сануулахад контураар нүдээ хүрээлэхээр агшчихсан юм шиг харагддаг. Тиймээс хүрээлж эсвэл нүдний ухархай хэсэг хүртэл зурах хэрэггүй. 

 

 

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тогтмол маск зүүж байгаа энэ үед нүүрээ хэрхэн будвал зүгээр вэ?

 

Энэ үед тослог бага агуулсан крем ашиглах нь зөв. Эсвэл нарны тос түрхээд, арьсныхаа өнгөнд тохирсон base түрхэж болно. Улайлттай арьстай охид ногоон суурьтайг түрхвэл арьсны өнгийг өөрчилж жигд болдог. Жоохон бордуу бол tone up буюу арьсны өнгийг сэргээж өгдөг base хэрэглэвэл зүгээр. Арьсны өнгө холилдсон бол өнгө жигдэлдэг base түрхээрэй. Уруулын будагны хувьд усан тинт ашиглаарай. Усан тинт нь уруул хуурайшуулахгүй, масканд наалдахгүй, удаан тогтоцтойгоос гадна уруулын өнгийг тодотгож өгдөг

 

Ярилцсанд баярлалаа!

 

Сошиал хуудсууд: Erkhes's make up /фейсбүүк/  @erhesse.x  /инстаграм/

Б.Баярчимэг

Сэтгүүлч